Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай ярилцлаа.
-Архангай аймагт өвөлжилт хэр байна?
-Аймгийн нутаг дэвсгэр нийтдээ нэлээд зузаан цасан бүрхүүлтэй байгаа. Баруун талын сумдаар Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгуудаас оторын нүүдэл орж ирж байна. Зүүн талын Өгийнуур, Хашаат, Өлзийт, Хайрхан зэрэг сумдад намар нь ургац тааруу байсан учраас бэлчээрийн даац нэлээд муудсан. Хаваршиж байдал хүндэрч магадгүй байгаа учраас дотроо отор нүүдлийг зохион байгуулж байна. Өнгөрсөн зун сум бүрт өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхээр 10, 10 га газарт тариалах ногоон тэжээлийн үр өгсөн. Тэр хэмжээгээр Архангай аймгийн сум бүр ногоон тэжээлийн нөөц бий болгож, нийт 700 орчим тонн ногоон тэжээлийг нөөцлөөд байна.
-Танай аймаг өрсөлдөх чадварын үнэлгээгээр сүүлээсээ хоёрдугаарт орсон байна. Тааруу үзүүлэлттэй гарахад юу нөлөөлсөн бэ?
-Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээг маш олон үзүүлэлтээр гаргадаг юм билээ. Бид өнгөрсөн жил өрсөлдөх чадварын үнэлгээ тааруу байгаад юу, юу нөлөөлж байна вэ гэдэгт нэлээд анхаарч ажилласан. Дулаан хангамжийн асуудал л гэхэд манай аймагт нүүрсний орд, нөөц байхгүй. Талдаа 400 гаруй километрийн холоос нүүрсээ татаж байна. Энэ хэмжээгээр хамгийн өндөр зардлыг Архангайчууд төлдөг. Энэ мэт хүчин зүйлүүдээс хамаараад өрсөлдөх чадварын үнэлгээгээр хойгуур ордог. Энэ бүхнийг бид засаж залруулж, өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллаж байна. Дулааны цахилгаан станц барих 10 аймагт Архангай орж байгаа. Дулааны станцтай болсноор утааны асуудал болон дулаан хангамж сайжрах юм. Байнгын халуун устай байх боломж бололцоо ч бүрдэнэ. Дэд бүтцийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдээд явж байгаа. Тухайлбал, аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг бүрэн шийдэж, 3000 метркубын багтаамжтай цэвэрлэх байгууламжтай боллоо. Мөн цахилгаан хангамж, шугамд шинэчлэл хийж, ирэх зургадугаар сарын 20 гэхэд эцсийн байдлаар хүлээж авна. Иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин нөхцөл бүрдэж, дэд бүтцийг шийдсэнээр өрсөлдөх чадварын үнэлгээнд тодорхой хэмжээний ахиц гарна гэж бодож байна.
-Энэ бүхнийг өмнө нь шийдэж болоогүй юм уу?
-Нэгдсэн дулаан хангамжийн асуудлыг дөрвөн суманд шийдсэнээр сумдад ажиллаж байгаа иргэдийн орчин нөхцөл сайжирсан. Энэ бүхнийг би өрсөлдөх чадвар гэж харж байгаа. Үүний үр дүн тодорхой хугацааны дараа гарах байх. Түүнээс биш өчигдөр байсан зүйл өнөөдөр байхгүй болсон мэт Архангайчууд муу муухай байна гэж олон жил ярьж байна. Бид цаашид сайн сайхан болгохын төлөө зүтгэж байна. Зүтгэлийн үр дүн удахгүй гарах байх.
-Аймаг, орон нутгийн удирдлагууд хэрхэн ажиллаж байгааг харуулж буй үнэлгээ юм биш үү?
-Өрсөлдөх чадварын судалгааг хувийн байгууллага гаргадаг юм билээ. Олон улсын байгууллага болон Худалдаа аж үйлдвэрийн танхим түүнд нь оролцдог байх. Ер нь бол өрсөлдөх чадварын дундаж үзүүлэлт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын судалгаагаар Архангай аймаг арай өөр түвшинд байгаа. Бид дэд бүтэц, зам харгуйгаар Улаанбаатартай холбогдсон. Аялал жуулчлал, газар тариалан эрчимтэй хөгжиж, мал аж ахуйн үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг аймаг арай ч өрсөлдөх чадвараар сүүлд орох ёсгүй. Сүүлийн гурван жилийн хугацаанд байнга төлөвлөгөөгөө давуулан биелүүлж ирсэн. Гэхдээ бид сайн муу хэллээ гэхээс илүү орон нутгийнхаа хөгжил, иргэдийнхээ ажиллаж амьдрах нөхцлийг сайжруулахын тулд хичээж ажиллаж байна. Энэ жил 300 ортой эмнэлэг барьж, ашиглалтад оруулж байна. Эрүүл мэнд болон нийгмийн чиглэлээр сүүлийн жилүүдэд байгаагүй хөрөнгө оруулалтуудыг шийдлээ. Өнгөрсөн онд гэхэд 142 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай байсан бол 2020 онд он дамжсантай нийлээд 162 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөсөн. Энэ хэмжээгээр орчин нөхцөл сайжирч, төрийн үйлчилгээ иргэдэд хүрч асуудлууд шийдэгдээд явж байгаа.
-Тэгэхээр та аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлттэй санал нийлэхгүй байна гэсэн үг үү?
-Санал нийлэхгүй байгаа. Архангай аймаг малын тоо толгой, малын гаралтай бүтээгдэхүүн гээд олон зүйлээр улсдаа тэргүүлдэг аймаг. Гэтэл өрсөлдөх чадварын үнэлгээгээр сүүлд жагссан байна. Засаж сайжруулах зүйл мэдээж олон. Энэ үр дүнг би бодит үнэлгээ гэж харахгүй.
-2020 онд 162 тэрбум төгрөг төсөвлөгдсөн гэж байна. Энэ мөнгөөр ямар ямар бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн бэ?
-Бүгдийг нь ярина гэвэл маш урт жагсаалт болно. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг соёлын төв гээд нэлээд хэдэн барилга байгууламжийг шинээр барих гэж байна. Мөн нэлээд хэдэн өргөтгөлийн барилгуудыг ашиглалтад оруулах, зам харгуй, дэд бүтэц гээд хийхээр төлөвлөсөн ажил их байна.
-Хэдхэн сарын дараа шинэ парламент бүрдэх гэж байна. Танай аймгаас сонгогдсон гишүүд 2016-2020 оны парламентын хугацаанд аймаг орон нутагтаа юу хийв. Энэ дөрвөн жилийн хугацаанд орон нутагт гарсан бодит өөрчлөлт, дэвшил юу байна?
-Өмнө нь сонгогдож байсан гишүүдийг бодвол нөхцөл байдал арай өөр болсон гэж боддог. Иргэддээ хүрч үйлчлэх, хийсэн ажлаа тайлагнах, иргэдийн саналыг авч хууль тогтоомжид тусгаж байгаа зэрэг эргэх холбоог бий болголоо. Жилд 2-3 удаа иргэдтэй уулзаж, багуудад нэг бүрчлэн уулзалт зохион байгуулж байна. Өмнөх парламентын гишүүд бол аймгийн төвд үзэгдвэл их юм байсан шүү дээ. Төр, иргэн хоёрын хооронд холбох гүүр болж, эргэх холбоог бий болгосон учраас орон нутагт оруулж байгаа улсын төсвийн хөрөнгө оруулалтын чанар, үр дүн өндөр байна. Шаардлагатай байгаа зүйлүүдэд хөрөнгө оруулалтыг чиглүүлж чадаж байгаа нь олзуурхууштай. Архангай аймгаас сонгогдсон гурван гишүүн энэ дөрвөн жилд үүргээ сайн биелүүлсэн гэж аймгийн удирдлагын хувьд үзэж байгаа.
-Дөрвөн жилийн хугацаанд хийсэн бодит ажлууд нь юу юу байна вэ?
-Бодит үр дүн гэвэл саяны хэлсэн улсын төсвөөс орж байгаа 162 тэрбум төгрөг. Өмнө нь хэзээ ч ийм өндөр төсөв хуваарилагдаж байгаагүй. Сургууль, цэцэрлэг ялангуяа соёлын төвийн асуудал бүр хаягдсан байсан шүү дээ. Тэгвэл одоо аймгийн хэмжээнд найман соёлын төв баригдахаас гурвыг нь ашиглалтад оруулсан. Тамгын газрын барилгуудыг шинэчилж байна. Орон нутагт өөрийн биеэр очиж юу болж, юу нь болохгүй байгааг харсан учраас хөрөнгө оруулалтыг зөв зохистой зүйлүүдэд зарцуулж байна.