Уламжлалт цагаан сарын баяр удахгүй болох гэж байгаа хэдий ч цаг үеийн байдлаас хамаарч төрийн золголт, албан байгууллагын золголтыг албан ёсоор хориглов. Улмаар цагаан сарыг огт тэмдэглэхгүй байхыг Засгийн газрын зүгээс зөвлөөд буй энэ үед цагаан сарыг тэмдэглэдгээрээ тэмдэглэнэ гэж ярих зарим нь дээл хувцас, чихэр боовоо базаасаар захууд хүн ихтэй байх аж. Цагаан сарын баярыг цуцлах шийдвэр, аюулт өвчнөөс сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлэг явуулсаар байхад хариуцлагагүй, хэнэггүй зангаасаа болж болзошгүй эрсдэлийг улам нэмэгдүүлсээр байгаа нь зах, худалдааны төвүүдээр зөрөх зайгүй шахам бужигнах олны байдлаас илт.
Манай сурвалжлах хэсэг 12:00 цагийн үед “Нарантуул” худалдааны төвд очиход гадаа цас хаялан сэрүүхэн байсан хэдий ч тус захын хөл хөдөлгөөн татраагүй, Цагаан сарын бэлтгэлээ базааж буй хүмүүс холхилдож байлаа. Гэвч зай завсаргүй хөлхөлдөх олныг ажиглавал багцаагаар гурван хүний нэг нь л амны хаалттай явж харагдав. Сонор сэрэмжээ улам нэмэгдүүлэх ёстой энэ үед уламжлалт баяр гэж хөөрцөглөөд “Монгол хүн юм чинь хийхгүй яах вэ дээ” гэж ярилцах хүмүүс ч энд олон байлаа. Бид Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэх талаар нь иргэдийн байр суурийг сонирхлоо.
Ш.Лхагвасүрэн: Хот дамжин хэсэхгүй л бол тэмдэглэх нь зөв
/Иргэн/
-Цагаан сарыг тэмдэглэх үү. Хэрхэн тэмдэглэх гэж байна?
-Нэг жаран эхэлж байхад хийх нь зөв байх. Монголын ард түмэн хийлгүй яах вэ. Зохих хэмжээндээ тэмдэглэнэ л гэж бодож байгаа.
-Цагаан сарыг тэмдэглэх нь халдварт өвчин тараах эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж бодохгүй байна уу?
-Тэглээ гээд ахмадууддаа очиж золголгүй яах вэ. Аймаг хот дамжиж, айл амьтан хэсэхгүй байхад болох байх.
-Олон хүнтэй газруудаар явах, гадуур гарахдаа амны хаалт зүүж байгаа юу?
-Амны хаалт олдохгүй байгаа болохоор хайгаад л байна. Зарим зарж байгаа гэртээ оёсон маскууд нь амьсгал давчдуулаад зүүхэд хэцүү юм.
Г.Төмөртогоо: Цагаан сарыг мөнгө үрж тэмдэглэх шаардлагагүй
/Иргэн/
Тэмдэглэх нь буруу гэж бодож байгаа. Ахмадууддаа ирж золговол л золгоно биз. Заавал мөнгө төгрөг үрж тэмдэглэх шаардлага байхгүй.
н.Отгонжаргал: Монгол хүн юм чинь тэмдэглэж л таарна
/Иргэн/
-Цагаан сарын баярыг огт тэмдэглэхгүй байхыг зөвлөөд буй. Танай гэр бүл тэмдэглэх үү?
-Монгол хүн юм чинь хийлгүй яах вэ. Тэр жилийн өнгө зүс харагдана гэж ярьдаг. Хөдөө суманд байдаг болохоор тэмдэглэдгээрээ л тэмдэглэнэ. Өнгөрсөн жилүүдтэй л адил.
-Халдвар тарах эрсдэл байхгүй гэж бодож байна уу, анхааруулга сэрэмжлүүлэг сонсож байгаа юу?
-Бид чинь сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг хүмүүс шүү дээ. Сайхан баяраа ядаж ёсыг бодоод тэмдэглэнэ.
-Гадуур гарахдаа амны хаалт зүүж байгаа юу, эмийн сангуудаар амны хаалт олдож байна уу?
-Ирээд л буцах болохоор амны хаалт авч амжсангүй.
...Иргэдийн хувьд зөвхөн ахмадууддаа золгоод, гэртээ уламжлалт ёслол үйлдээд энэ жилийн баярыг даруухан өнгөрөөнө гэсэн хариултууд түлхүү өгч байсан бол урд жилүүдийх шигээ тэмдэглэнэ гэсэн хүмүүс ч ийнхүү мэр сэр байна. Иргэд ийм үзэл бодолтой байсан бол худалдан авалт хэр байгаа талаар хэвийн боовны худалдагч Д.Оюундэлгэрээс тодруулахад “Энэ жилийн хэвийн боовны худалдан авалт өнгөрсөн жилүүдээс бага байна. Ер нь өвчин гэхээсээ амжиргааны түвшнээс хамаарч байна. Хэвийн боовны хувьд 1500-4000 төгрөгийн хооронд байгаа. Би “Баялаг ундраа” төвд тав дахь жилдээ хэвийн боов зарж байна. Энэ жил л ийм муу байна. Миний хувьд цагаан сараа гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэх нь зөв гэж бодож байгаа” гэлээ. Тэгвэл үндэсний дээл худалдаалагч Б-ээс борлуулалтын талаар тодруулахад “Худалдан авалт бага байна. Шинэ гарсан вирустэй холбоотой хүмүүс захаар явах нь цөөрөөд дээрээс нь худалдан авах чадвар ч муу байна. Өнгөрсөн жилийг бодвол үнийн хувьд хямд байгаа ч авах хүн бага. Миний бодлоор үндэсний өв уламжлал гэдэг утгаараа цагаан сараа тэмдэглэх нь зүйтэй байх. Ер нь хүний ухамсараас шалтгаална. Өвчин зовлонгүй байвал дахиад цагаан сар ирэхээс л хойш. Би өөрөө ёсыг дагаж гэр бүлийнхэнтэйгээ золгоно” гэсэн хариулт өгсөн юм. Иргэдийн хариултаас харахад анхааруулга сэрэмжлүүлгийн талаарх мэдээ мэдээллийг хангалттай авч байгаа ч хайхрамжгүй байдлаас үүдсэн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ дутмаг байгаа нь харагдсан юм. Харин амны хаалт зүүгээгүй иргэдийн дийлэнх нь “Эмийн сангуудад амны хаалт байхгүй, олдоц муутай байна” гэсэн хариултыг өгч байгаа нь амны хаалтын эрэлт их хэдий ч хүрэлцээ муу байгааг харуулж буй гэлтэй. Тиймээс манай сурвалжлах баг “Нарантуул” захаас гарч хэд хэдэн эмийн сангаар орсон ч амны хаалт зарж буй эмийн сан олдсонгүй. Харин 100 айлын замын урд байрлах нэгэн эмийн сангаар ороод байхгүй гэх нөгөө л хариултаа аваад гарч явтал тус эмийн сантайгаа нэг тасалгаанд байрлах ахуйн дэлгүүрт нь амны хаалт байсан юм. Эмийн санд байхгүй атлаа өөдөөс нь харсан ахуйн дэлгүүрт хайрцаг хайрцгаар нь хэд дахин өндөр үнээр борлуулж байгаа нь хачирхмаар. Эмийн санчтайгаа нийлж өндөр үнээр зардаг уу аль эсвэл вирус гарлаа гэх үеэр л хажууд эмийн сангаасаа бүх амны хаалтыг нь худалдаад авчихсан уу. Ямартай ч энгийн үед 5000 төгрөгөөс хэтэрдэггүй байсан хайрцаг маск 30000 төгрөг болчихсон байгааг юу гэж ойлгох вэ. Амны хаалт хайгаад олдохгүй байхад зарим нэгэн энэ мэт шаглачихсан байхаар иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх билээ гэх бодол төрснийг нуух юун. Аюулт өвчин хаяанд ирчихсэн энэ үед амин хувиа хичээгээд суух зарим нь байхад, хайртай дотны хүмүүсээ аюулд оруулан байж баяр тэмдэглэх гэж зүтгэх нь ч байх юм. Дэлхий нийтийг айдаст автуулаад буй халдварт өвчний тархалт өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байхад монголчуудын хайхрамжгүй байдал төдий чинээ газар авч байгаа нь ганцхан худалдааны төвөөр ороод гарахад л харагдаж байгаа нь харамсалтай. Элэг бүтэн, эрүүл саруул байхад ирэх жилийн шинийн нэгэн ирдгээрээ л ирнэ шүү дээ.