ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Галбаатар: СӨХ-нд иргэдийн нүдэнд харагддаггүй ажил олон бий

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-14

Орон сууцны ашиглалтын зардал, СӨХ-ны төлбөртэй холбоотой асуудлаар Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатараас тодрууллаа. 

-Манай улсын  хэмжээнд хэчнээн СӨХ ажиллаж байна. Ер нь  ямар үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага вэ?

-Манай улсын  хэмжээнд 1200 СӨХ ажилладаг. Хуулиндаа дундын өмчлөлийн  эд  хөрөнгө гэж тодорхой заасан. Нийтийн зориулалттай орон сууцны байшинд  амьдарч л байгаа бол дундын  өмч үүснэ. Подвалийн  
инженерийн шугам сүлжээ, цахилгааны шугам сүлжээ, дээвэр,  лифт, орц бүгд  дундын  өмчлөлд  орсон гэсэн үг. Үүнийг СӨХ хариуцах ёстой. Харин  иргэд юу гэж ойлгодог вэ гэхээр бид ус, дулаан, цахилгааны мөнгөө мэргэжлийн байгууллагад  нь төлчихсөн байхад шугам сүлжээ СӨХ-нд ямар хамаатай юм гэдэг. Тэр нь өмчлөлөөрөө СӨХ-ны өмч учраас засах үүрэгтэй. Мэргэжлийн  байгууллага цаанаас ирж байгаа ус, дулаан, цахилгааныг хэрэглэгч хүртэл нь түгээгээд, хэрэглээний мөнгийг нь иргэдээс авна. Цахилгаан  дамжиж очиж байгаа дундын  өмчлөлийн  шугам сүлжээг СӨХ засдаг.  Иргэдийн нүдэнд харагддаггүй ажил  энэ мэтчилэн байдаг.  Мөн дээвэр, лифтийг мөн засна. 

-Дээвэр, лифтийг жил бүр засварлахгүй биз дээ?

-Дээвэр  хамгийн их элэгддэг обьект  учраас тухайн үед нь сэргээн засварлалт хийгээд явдаг. Лифтэнд техник  үйлчилгээ зайлшгүй шаардлагатай. Машинаар яривал улиралдаа нэг удаа тос,  масло сольдогтой адилхан лифт ч  оношлогоонд орж,  өдөр  тутмын үйл ажиллагаанд  хяналт тавих шаардлагатай байдаг. 

-Сард лифтний мөнгө гэж хэдэн төгрөг төлдөг вэ? 

-Лифт стандартаараа гурван ээлжээр ажиллах ёстой. Тэгэхээр гурван ээлжийн ажилтантай байна гэсэн үг. Мөн  мэргэжлийн  байгууллагад  харьяалалтай байх ёстой гэдэг шаардлага тавьдаг юм. Энэ байдлаараа ажиллуулах юм бол нэг айлаас 8000-10000 төгрөг авна гэсэн жишиг үнийн  тариф бий. 

-Бусад зардлуудын тухайд?

-СӨХ-ны мөнгөө урсах болон хувьсах зардлаа тодорхойлж, хийх ажлаасаа шалтгаалаад  иргэд нь өөрсдөө шийдэх ёстой. Манай байгууллагаас гаргасан жишиг үнийн тариф гэж бий. Метр квадратад  авч буй засвар үйлчилгээний мөнгө 200-300 төгрөг  байдаг. Цэвэрлэгээ үйлчилгээ 5000-7000 төгрөг, лифт 8000-10000 гэх мэтчилэн байгаа. Зарим иргэд жишиг үнийн тарифыг  хараад СӨХ дөрвөн төрлийн төлбөр  авах ёстой юм байна гээд  ойлгочихдог. Гэтэл энэ нь байр болгонд байх зайлшгүй дөрвөн төрлийн төлбөрийг тогтоогоод  өгчихсөн. Зарим орон сууцнууд граштай, тоглоомын талбайтай гэх мэтчилэн  ялгаатай.  

-Байрны нэгдүгээр давхарт үйлчилгээ эрхэлж байгаа бол ямар нэгэн өөрчлөлт байх уу?

-Байрны нэгдүгээрт давхарт үйл ажиллагаа явуулж байгаа бол оршин суугчдаас илүү өндөр хэмжээгээр төлнө.Учир нь хоолны газар ажиллуулдаг байлаа гэхэд оршин суугчаас илүү хэмжээгээр  цахилгаан хэрэглэнэ. Их хэмжээгээр цахилгаан хэрэглэснээр дундын өмчлөлийн шугам сүлжээг их хэрэглэж байна  гэсэн үг шүү дээ. 

-СӨХ-ны төлбөр өндөр  байдаг хэрнээ юу ч хийхгүй байна гэж оршин суугчид гомдоллодог?

-Хуулиараа, тухайн байрны онцлог,  хүчин чадлаасаа шалтгаалан СӨХ-ны төлбөр харилцан адилгүй. Тухайн жилийнхээ хийх ажлыг төлөвлөж,  урсгал болон  хувьсах зардлаа тодорхойлоод иргэддээ хуваах зохицуулалттай. Тэгэхээр 30 өрхтэй байр, 300  өрхтэй байрны СӨХ-ны зардал өөр өөр байна. Мөн тансаг зэрэглэлийн орон сууц тухайлбал, “Japan town”-ы СӨХ-ны төлбөр 99 ам.доллар байхад энгийн хуучны байрнууд 10000-20000 төгрөг байх жишээтэй. Тансаг  зэрэглэлийн байрнууд дороо усан бассейнтай, тэндээ эрүүл ахуйчтай гэх мэтчилэнгээр  үйлчилгээ нь ч өөр шүү дээ.  

-Иргэд өөрсдөө СӨХ-ны төлбөрөө  хянах боломжтой юу? 

-Иргэд хянах боломжтой талаар  хуулинд заачихсан  байдаг. Үйл ажиллагаа болон хуралдаа суугаад иргэд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн тохиолдолд мөнгөө төлнө. Нөгөө талаас хуралдаа сууж чадаагүй хүмүүс хурлаас гарсан шийдвэрээ хянаж үзээд дагаж мөрдөх хуулийн зохицуулалттай. Иргэд  “би хуралд  суугаагүй байхад манай мөнгө нэмэгдчихлээ” гэдэг асуудал ярьдаг. Тэгэхээр иргэд  өөрсдөө  холбогдох газар нь хандаж, хуралдаа сууж чадаагүй гэдгээ хэлээд ямар үндэслэлээр нэмэгдсэн, хуралд хэдэн хүн оролцож ямар  шийдвэрт хүрсэн зэргийг нягталж асуух эрх нь нээлттэй. 

-Дээвэр засварлах зардлыг барилгын компани хариуцахгүй юу? 

-Орон сууц баригдаад, улсын комисс хүлээж авснаас хойш гурван жилийн  хугацаанд чанаргүй болон дутуу хийсэн ажлаа тухайн барилгын компани хариуцах ёстой. Тэр хугацаанд дээврээс ус гоожихгүй, лифт нь хэвийн явбал, түүнээс хойш гарах эрсдлийг зайлшгүй СӨХ засварлана. Гурван  жилийн дотор асуудал үүсвэл барилгын  компани хариуцдаг.