ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Бат-Эрдэнэ: Манайхаас сонгогдсон УИХ-ын гишүүд аймагт ирдэггүй, иргэдтэй уулздаггүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-14

Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Дундговь аймагт өвөлжилт тааруу байгаа гэх мэдээлэл байсан. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Зун, намар чийг муу байсан учраас отор нүүдэл ихтэй байна. Нийт малчдын 10 гаруй хувь нь зэргэлдээх 11 аймгийн нутагт отор нүүдэл хийж байгаа. 540 орчим мянган толгой мал өөр аймгуудад өвөлжиж байгаа юм. Отор нүүдэл гэдэг их хүнд асуудал. Отор хүлээж авч байгаа сумын малчдын хувьд ч отроор очиж байгаа малчдын хувьд ч аль алинд нь хүндрэлтэй. Отор их очсон газар туурайн зуд нүүрлэдэг учраас малчдын дунд үл ойлголцох асуудал гарч байгаа. Үүнийг төрийн байгууллагын зүгээс аль болох зохицуулж, боломжоороо зохицоод явах чиглэлийг өгч ажиллаж байна. Одоогоор яг туурайн зуд нүүрлэчихсэн газар байхгүй. Гэхдээ эрсдэлт нөхцөл байдал үүссэн газрууд бий. 

-Танай аймаг өрсөлдөх чадварын үнэлгээгээр сүүлээсээ дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн байна. Өрсөлдөх чадвараар тааруу үзүүлэлт гаргахад юу нөлөөлөв?

-Аймгуудыг маш олон төрлийн үзүүлэлтээр дүгнэж өрсөлдүүлдэг. Намайг ажил авах үед Дундговь аймаг өрсөлдөх чадварын үнэлгээгээр хамгийн сүүлд жагсаж байсан юм. Бид хөдөлгөөнгүй зогсонг байгаа зүйлтэй өрсөлдөөгүй шүү дээ. Адилхан жилээс жилд өсөж, хөгжиж байгаа аймгуудтай өрсөлдөж байгаа. Чамлахаар чанга атга гэдэг. Энэ жил манай аймаг өрсөлдөх чадварын үнэлгээгээр гурван байр урагшилж 18 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Тэгэхээр энэ бол тодорхой хэмжээний ахиц дэвшил гарч байгаагийн илрэл гэж бодож байна. 

-Олон үзүүлэлтээр дүгнэдэг гэж байна. Дундговь аймгийн хувьд ямар үзүүлэлт  чангаагаад байна?

-Нэгдүгээрт хүн ам цөөтэй. Хүн ам цөөхөн байна гэдэг эдийн засгийн эргэлтэд муугаар нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, аливаа бизнесийн зах зээлд эрэлт бага учраас борлуулалт бага болно. Энэ утгаараа бизнесийн байгууллагын хөгжил тааруу. Энэ байдал хойгуур байр эзлэхэд нөлөөлсөн үзүүлэлтийн нэг. Түүнээс гадна Дундговь аймаг бол өөрийн орлого багатай, төсвийнхөө 80 орчим хувийг улсын төсвөөс авдаг аймаг учраас эдийн засаг үсрэнгүй хөгжих боломж муу. 

-Энэ онд хийхээр төлөвлөсөн онцлох бүтээн байгуулалт юу байна. Энэ жил танай аймгийн хувьд бага төсөв хуваарилагдсан шүү дээ?

-Манай аймагт энэ жил 2.7 тэрбум төгрөгийн төсөв хуваарилсан. Өнгөрсөн жил 44 тэрбум төгрөгийн өртөгтэй 28 нэр төрлийн барилга байгууламжийн заримыг нь ашиглалтад хүлээж авсан, заримыг нь энэ жил хүлээж авахаар ажиллаж байна. Өнгөрсөн жил эхлүүлсэн ажил болон энэ жил шинээр төлөвлөсөн ажлуудаа нийлүүлбэл 30 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хүлээж авах юм. 

-Танай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн энэ парламентын хугацаанд хэр сайн ажиллав. Аймаг, орон нутагтаа хийсэн бодит ажил юу байна? 

-Манай аймгаас сонгогдсон гишүүн УИХ-ын үйл ажиллагаа болон аймгийн хөгжил дэвшилд ямар оролцоотой байгаа вэ гэдгийг олон түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Бодит хийсэн ажил бол байхгүй. УИХ-ын гишүүнийх нь хувьд шүүмжлэлтэй санагдаж байгаа зүйл бол сонгогдсоноосоо хойш нэг ч удаа аймагт очиж, иргэдтэй уулзаагүй. Огт уулзахгүй байгаа хүн иргэдийнхээ нөхцөл байдлыг тэр хэмжээгээрээ л мэдэхгүй гэсэн үг.

-Таныг улсын мөнгөөр хувьдаа тансаг зэрэглэлийн авто машин авсан гэх асуудал гарсан. Энэ талаар тайлбар мэдээлэл өгөөч?

-Ажил хийж байгаа хүнийг муу муухай харагдуулах гэсэн өнцгөөр л албаар мушгин гуйвуулсан мэдээлэл яваад байгаа юм. Төрийн ажил хийхэд, тэр дундаа хөдөө орон нутагт төрийн үйлчилгээ үзүүлэхэд туулах чадвар сайтай унаа хэрэгтэй. Үүнийг надаар хэлүүлэлтгүй хүн бүр мэднэ. Сая гэхэд л би отрын бүс нутгаар дөрвөн хоног яваад ирсэн. Машины хэрэгцээ шаардлага их гардаг. Цас зуд ихтэй, бартаатай орон нутгийн замд жижиг тэраг эсвэл туулах чадвар муутай машинаар явж, төрийн үйлчилгээ үзүүлнэ гэдэг хэцүү. Автомашинд ашиглалтын норм, хугацаа гэж байдаг. Гэтэл манай аймгийн ЗДТГ-ын өмчийн машины ашиглалтын хугацаа хангагдчихсан, километрийн гүйлт нь нормоосоо давчихсан, эвдрэл ихтэй болсон гэх мэт асуудал олон байсан. Үүнийг ярихаар өмнөх дарга нарын асуудал руу орох хэрэгтэй болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнөх дарга энэ машиныг маш гамгүй эдэлж, эвдрэл ихтэй болгосон юм билээ. Би ажлаа аваад тэр машиныг албан хэрэгцээнд унах хугацаанд хэд хэдэн эвдрэл гарсан.  Арын явах эд анги нь эвдэрч, мотор нь цохисон гэх мэт явах боломжгүй болсон гэхэд болно. Тиймээс аймгийн Засаг даргын тамгын газарт парк шинэчлэл л хийсэн болохоос биш  иргэн Бат-Эрдэнэ хувьдаа машин худалдаж авчихсан асуудал огтхон ч биш. Би ажлаа хүлээлгэж өгөхдөө энэ машиныг аваад явна гэж байхгүй шүү дээ. Албандаа үлдэж, дараа дараагийн дарга нар хэрэглэнэ. 

-Машиныг 400 сая төгрөгөөр авсан гэх мэдээлэл байсан. Яг бодит үнэ нь хэд юм бэ? 

-400 сая гэдэг худлаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье. Аймгийнхаа 599-хөн сая төгрөгийн төсвийн 425-аар нь машин авч унасан мэтээр ярьж байгаа юм. Яаж ч бодсон бүхэл бүтэн аймаг 599-хөн сая төгрөгийн төсөвтэй байна гэж байхгүй шүү дээ. 195 сая төгрөгөөр авсан юм. Тухайн үед зах зээлд 205 сая төгрөгийн ханштай байсан машин шүү дээ. Бид нийлүүлэгч компанитай харилцан тохиролцож, хөнгөлөлт эдлээд 195 сая төгрөгөөр авсан.