Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай ярилцлаа.
-Баянхонгор аймаг өрсөлдөх чадвараар нэлээд доогуур эрэмбэлэгдсэн байна. Үүнд юу нөлөөлсөн бэ. Өнгөрсөн хугацаанд нэлээд маргаан дагуулсан хариуцлагагүй уул уурхай, хууль бус лицензтэй холбоотой юу?
-Өрсөлдөх чадварын индексийг гаргаж байгаа байгууллагын хувьд нэлээд олон төрлөөр судалгаа хийдэг. Тэрхүү судалгааны үндсэн дээр тулгуурлаж дүгнэлтээ гардаг юм билээ. Харин манай аймгийн өрсөлдөх чадварын индекс өнөөг хүртэл тогтвортой байгаа. Тухайлбал, өнгөрсөн жилтэй харьцуулахад ганц байраар ахисан үзүүлэлттэй байна. Үүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл гэж бий. Өөрөөр хэлбэл, боловсруулах үйлдвэрийн салбар нөлөөлсөн. Энэ үзүүлэлтээр манай аймаг тун тааруу үнэлгээтэй.
-Яагаад өнөөг хүртэл боловсруулах үйлдвэр хангалтгүй байна вэ. Санхүүжилт болон ажиллах боловсон хүчин дутмаг байна уу?
-Тийм ээ. Боловсруулах үйлдвэр нь өөрөө хөрөнгө оруулалтыг маш их шаарддаг. Аж ахуйн нэгжүүд хуваариа үйлдвэрээ байгуулаад явъя гэхээр 2-3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй болдог. Мөн цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулахад 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Орон нутгаас их хэмжээний мөнгийг гаргаад, хөрөнгө оруулалтыг нь шийдэх бололцоогүй. Үүнээс болоод манай аймгийн өрсөлдөх чадварын индекс нэлээд доогуур орж байна. Бидний зүгээс эхний ээлжинд ноос, ноолуур угаах, боловсруулах үйлдвэрийг хувийн хэвшилтэй хамтраад энэ хавраас ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа.
-Хөрөнгө оруулалт бага шаарддаг туслах үйлдвэрүүдийг дэмжин ажиллах талаар орон нутгийн удирдлагууд ямар бодлого барьж ажиллаж байна вэ. Гаднаас хөрөнгө оруулалт татах боломж бий юу?
-Зайлшгүй шийдэх ажлын төлөвлөгөөнд барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэх шаардлага бий. Тухайлбал, манай аймагт байгаа боржин болон хүрмэн чулууг түшиглэн барилгын бүх төрлийн чулуун материалыг үйлдвэрлэх боломжтой. Энэ талаарх саналаа Засгийн газарт хүргүүлсэн, дэмжсэн. Энэ төсөл хэрэгжээд эхэлбэл, барилгын материалын салбарт цемент болон чулуугаа үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Тэгэхээр үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр тухайн аймгийн эдийн засгийн салбарт өрсөлдөх чадвар бодитоор нэмэгдэнэ.
-Үйлдвэрлэл нэмэгдсэн ч ажиллах хүчин байхгүй бол өрсөлдөх чадвар төдийлөн өсөхгүй. Ажиллах хүчин болон мэргэжилтнүүдийг бэлтгэх талаар хэрхэн анхаарч байгаа вэ?
-Ажиллах хүчин маш их нөлөөлнө. Манай аймгийн ажиллах хүчийг судалгаагаар авч үзвэл тодорхой хэмжээгээр буурч байгаа. Тухайлбал, өдөрт 40 мянган төгрөгөөр барилгын ажил хийх хүн олдохгүй байна. Иргэдийн ажиллах, хөдөлмөрлөх хүсэл сонирхол бага байна. Бидний зүгээс мэргэжлийн ажиллах боловсон хүчин болон ажилгүй иргэдийн тоог бууруулах талаар нэлээд анхаарч ажиллаж байна. Үйлдвэрүүд ашиглалтад ороход хүн хүчээр дутмаг байлгахгүйн тулд орон нутгаас бодлогоор онцгойлон анхаарч байгаа.
-Орон нутагт ажилгүйдэл их байгаагийн шалтгаан юу вэ. Дан ганц орон нутгийн асуудал бус улсын хэмжээнд байгаа зүйл?
-Олон хүчин бий. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь хавтгайрсан халамжийн бодлоготой холбоотой. Өөрөөр хэлбэл, иргэд хүүхдийн мөнгө, хүнсний талон, өрх толгойлсон эцэг, эх, тэжээгчээ алдсаны тэтгэмж гэх мэтээр олон халамжийг нэрлэж болно. Гэхдээ ийм халамж авч байгаа бүх хүнийг хамааруулж хэлээгүй юм шүү. Хамгийн чухал нь зарим залхуу хүмүүст хөдөлмөрлөх, ажил хийхгүй байх сэдлийг төрүүлж байна. Зарим газар ийм нийгмийн давхарга бий болох хандлага ажиглагдаж байгаа. Тиймээс төрөөс халамжийг нэн шаардлагатай иргэдэд олгодог байх хэрэгтэй. Зарим төрлийн тэтгэмжийг цөөлөх, хүрээ хязгаарыг нь багасгах шаардлага ч үүсч байна.
-Аймгийн хэмжээнд иргэдийн амжиргааны түвшин хэр байна вэ. Тухайлбал, сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн тоо цөөнгүй байсан. Тэгэхээр давхар өрхийн үйлдвэрлэл хөгжиж байгаа гэж ойлгож болох уу?
-Бүх газарт орон нутгийн хөгжүүлэх сан гэж бий. Сангаас иргэдэд бага хүүтэй зээл олгодог. Үүнийг өмнө нь авсан зээлүүдээ төлүүлээд дараагийн хүнд олгодог. Эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эх үүсвэрээ бүрдүүлдэг. Гэтэл өмнө нь авсан хүмүүс зээлээ төлдөггүй. Манай аймгийн зүгээс сумдын засаг дарга нарт зээлийн эргэн төлөлтийг сайжруул. Хэрвээ зээлээ төлөхгүй бол хууль хяналтын байгууллагад ханд гэж үүрэг өгсөн. Үүнээс хойш төлөлт нэлээд нэмэгдэж байгаа. Өмнөх хүмүүс нь зээлээ төлөхгүйгээс болж, өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлж чадахгүй, санхүүжилтээ нэмэгдүүлэх боломжгүй асуудал бусад хүмүүст үүсдэг. Өөрөөр хэлбэл, бусдынхаа боломжийг хумсалдаг зүйл их бий. Мөн ЖДҮ-ийг бид орон нутагт тогтвортой хөгжүүлэхийн тулд Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулсан. Жил бүр аймгийн төсвийн эх үүсвэрийг дайчилж, тодорхой санхүүжилтийг бий болгосон. Иргэдэд гурван жилийн хугацаатай хүүгүй зээлийг олгож эхэлсэн. Одоогийн байдлаар бид 66 аж ахуйн нэгжид 1.2 тэрбум төгрөгийг олгосон. Үүний ихэнхийг орон нутгийн төсвөөс гаргасан. Үлдэгдлийг нь зээлийн эргэн төлөлтөөс гаргасан. Энэ онд 200 орчим сая төгрөгийг зээлийн эргэн төлөлтөөс иргэдэд олгосон. Бид аймгийн хэмжээнд ЖДҮ болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлээд явж байна. Мөн өрсөлдөх чадварын индексийг нэмэгдүүлэхийн тулд бизнесийн орчинг сайжруулна. Төрийн захиргааны дарамт шахалт, аливаа авлига, хүнд суртлыг арилгах, бизнес эрхлэгч нарыг хөнгөлөлттэй хүүгүй зээлээр дэмжин ажиллаж байна. Тодорхой хугацааны дараа үр дүн гарна гэдэгт бид итгэлтэй байгаа.
-Гадны орнуудаас хөрөнгө оруулалт нэмж татдаг уу. Олон улсын байгууллагуудтай харилцаа холбоо хэр вэ?
-Бид олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагатай байнгын уялдаа холбоотой ажилладаг. Тухайлбал, Швейцарын хөгжлийн агентлаг, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг гэх мэт олон газартай хамтын ажиллагаатай. Бид өнгөрсөн жил аялал жуулчлалын нэмэгдүүлэхэд нэлээд анхаарч ажилласан. Энэ хүрээнд Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс 250 сая төгрөгийн тэтгэлгийг авсан. Сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай дэмжлэгийг олгосон. Гэхдээ бэлэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлээд дэмжээд явах олон улсын байгууллага цөөхөн. Тэгсэн ч орон нутгийн удирдлагууд бүх хүчээ дайчлан ажиллаж, шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Мөн уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг зөвшөөрөлтэй компаниудтай ч хамтын ажиллагаатай байна. Гадны хөрөнгө оруулалттай компаниудаас танай аймагт ийм, ийм салбарт хөрөнгө оруулалт хийе, хамтарч ажиллана гэхэд татгалзах зүйл үгүй. Хамгийн чухал нь орон нутагт ийм санал санаачилга орж ирвэл дэмжих ёстой. Гэтэл орон нутагт тухайн аж ахуйн нэгжийг татварын бодлогоор дэмжих эрх зүйн зохицуулалт байдаггүй. Алслагдсан байдал, өндөр татвар зэрэг нь эргээд гадны байгууллагыг тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулах боломжийг нь хаагаад байна. Гадны хөрөнгө оруулалттай компани орон нутагт байгуулагдвал татварын хөнгөлөлттэй бодлогоор дэмжихийг АИТХ-д бий болгох эсвэл төрийн бодлогоор онцгойлон тусгаад хэрэгжүүлэх боломжтой. Үүнийг дагаад хөдөө, орон нутгийг чиглэсэн гадны хөрөнгө оруулалт нэмэгдэнэ шүү дээ.
-Танай аймагт өнгөрсөн жил уул уурхайтай холбоотой маргаан нэлээд гарсан. Аж ахуйн нэгж, иргэдийн дунд зөрчил багагүй үүссэн. Та энэ асуудлыг шийдэж чадсан уу?
-Баянхонгор аймгийн хувьд уул уурхайн ил тод байдлын талаар харьцангуй мэдээлэлтэй бас нээлттэй. Бид 2019 оноос нөхөн сэргээлт хийгээгүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, компаниудыг бүрэн хориглоно гэдэг шийдвэр гаргаад ажилласан. Тус шийдвэрийг хэрэгжүүлэхэд би өөрийн биеэр оролцож, мэргэжлийн хяналтын байгууллага, хууль хяналтын болон бусад газруудыг дайчлан ажилласан. Тиймээс өнгөрсөн жил долоон уурхайн үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Хууль хяналтын байгууллагад нь хүлээлгэж өгсөн. Бидний зүгээс уул уурхайн зөвшөөрөлтэй компаниудыг ажиллах боломж бололцоог нь дэмжиж байгаа. Хууль бус зүйлтэй тэмцэж ажиллаж байна.
-Иргэд эсэргүүцээд ажиллуулахгүй байгаа хэчнээн аж ахуйн нэгж байгаа вэ?
-Нийт долоон уурхай бий. Иргэдээс ирсэн гомдлын дагуу тусгай зөвшөөрлийг нь цуцалж өгнө үү гэсэн хүсэлтийг холбогдох газруудад өгсөн. Мөн манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандсан байгаа. Огт ажиллаагүй уурхайд дүгнэлт гаргах ёстой гэдэг. Дүгнэлт гарахгүй болохоор үйл ажиллагааг нь цуцалж болохгүй гэдэг. Уул уурхайг тойрсон энэ мэт маргаан нэлээдгүй бий. Бидний зүгээс эхнээс нь шаардлагатай гэсэн арга хэмжээгээ авч ажиллаж байна. Тиймээс иргэд бухимдах, буруу зөрүү ойлгох асуудал их гардаг.
-Хууль бус лицензээс болж ийм маргаан дэгдэж байна уу. Асуудлын гол шалтгаан нь юу вэ?
-Тийм ээ. Миний хувьд ордыг нөөцөөр нь ангилдаг болмоор байна. Үндэсний хэмжээний том ордуудыг улс мэддэг, лицензээ олгодог байх ёстой. Харин бага болон дунд хэмжээний нөөцийн ордод лиценз олгох асуудлыг аймгийн ИТХ нь шийддэг байх хэрэгтэй. Тухайлбал, 100 кг-аас доош нөөцтэй эдийн засгийн хувьд үр өгөөж багатай ордуудыг ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг сумын ИТХ нь шийддэг байх ёстой юм. Цаашид ийм зохицуулалт хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор 30кг –ын нөөцтэй орд газрыг ашиглана гээд талыг там болгож байгаа асуудал бий. Энэ нь эдийн засгийн хувьд хэн хэндээ ашиггүй. Үүнийг сумын иргэд болон ИТХ шийддэг болох ёстой гэсэн саналыг миний зүгээс гаргаад байгаа юм. Иргэд тусгай зөвшөөрөл олгохгүй гэвэл газрыг нь ухаад, сэндийлээд байх огт шаардлагагүй. Тэгэхээр улс бүх төрлийн лицензийг олгож, бүгдийг нэг дор төвлөрүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа.
-Таны хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд хууль бусаар лиценз олгосон уу?
-Олгоогүй. Бидэнд нэг хүндрэл бий. Түгээмэл тархацтай ашигт малтмалыг лиценз олгох гэдэг асуудал байгаа. Хамгийн хүндрэлтэй зүйл нь алслагдсан сум, хороо, багийн нутагт үйл ажиллагаа явуулъя гэсэн хүсэлтүүд байна. Хуульд хаана олгохыг хориглоогүй. Гэтэл миний хувьд сумын иргэд, ИТХ үйл ажиллагаа явуулахад нь зөвшөөрсөн байхад би ганцаараа гэдийгээд суугаад байж болохгүй байна. Энэ нь эргээд хүнд суртал гаргасан, үйл ажиллагаа явуулахад садаа болсон, авлига нэхсэн мэтчилэн янз янзын асуудал гардаг. Тиймээс шийдвэрлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна. 2019 оны дөрөвдүгээр сараас хойш түгээмэл тархацтай газар нутагт үйл ажиллагаа явуулах хүсэлтийг бүр хориглосон. Надад өчнөөн өргөдөл ирдэг. Би урдаас нь захирамжаа үзүүлээд гаргаж байна.