ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Чойжамц: Олноор цуглах хэрэггүй, онлайнаар ном хурна

Д.ЖАМЪЯНДАГВА (сэтгүүлч)
2020-02-17

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамцаас хөл хорионы үеэр хэрхэн ажиллах талаар  тодрууллаа. 

-Олныг хамарсан үйл ажиллагааг Засгийн газ­раас хориглосон шийдвэр гаргасан. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Бид аль болох олон хүнийг цуглуулахгүй байх талаар  ажиллаж байна. Тийм ч учраас сүсэгтэн олондоо хандаж шинэ жилийн засал номоо заавал хөл хорио тогтоосон, ханиад томуу их үед хийлгэх гэж яараад хэрэггүй  гэдгийг  анхааруулж байна.  Олон түмэн аль болох битгий их ирээрэй. Цагаан сарын заслыг бид тусгай лам нар гаргаад уншиж өгье гэсэн уриалга гаргасан. Тиймээс олон нийтийг ирэхгүй байхыг зөв­лөж байгаа. Гэхдээ би­түү­ний өдөр номоо хурд­гаа­раа хурна. Шашин шүтлэг үргэлж байдаг. Сүсэг­тэй орнууд  хүнд хэцүү үедээ “Та нар номоо айлд” гэж лам нартаа хэлдэг. Ер нь олны хөлд дарагдах эсэхийг бид биш сүсэгтэн олон мэднэ шүү дээ.

-Гандантэгчэнлин хий­дээс коронавирусээс хам­гаа­лах  үрэл тараах  талаар янз  бүрийн  мэдээлэл гарч бай­на. Энэ  ямар учиртай мэдээ­лэл вэ. Тайлбар өгөөч?

-Сударт 700 жилийн өмнө цаг цөвдөхөд сарьсан багваахай гэдэг амьтнаас хижиг гарна гэж бичсэн байдаг. Үүнээс хамгаалах Нагвагүжир бурхны утлага үрлийг сүсэгтэн олондоо тарааж байгаа. Цагаан тана, норов дүнтэн, лидэр дүнтэн гэх мэт маш олон эм бий. Эдгээр эмүүдийг  “САРС”  өвчин дэлгэрэх үеэр хэрэглээд эдгэсэн байдаг. Энэ талаар бусад орнуудаас ч асуусан.

-Ямар үнээр зарагдаж байгаа вэ?

-Үнэгүй тараана. Лам нар эх болсон зургаан зүйл хамаг амьтны төлөө залбирч, сүсэглэх үүрэгтэй учир түүний дагуу хийж байгаа ажил. Сүсэглэсэн, үнэхээр хэрэгтэй байгаа хүмүүст нь тараана.

-Гандантэгчэнлин хий­дээс амны хаалт, гар ариут­галын бодис  тарааж байгаа гэсэн хаагуур тарааж байгаа вэ. Амны хаалтын олдоц хэр байна вэ?

-Амны хаалтын олдоц муу байгаа. Бид чадах чинээгээрээ зарим үед хийд, дуганыхаа ойролцоо тарааж байна.

-Хулгана жил гарахад ма­най ард түмэн бэлэг­шээ­дэг. Хулгана жилийг хувьтай хүн үзнэ гэдэг яриа ч бий?

-Сар шинэ бол цаг хугацааны үргэлжлэл юм. Урьд нь ямар жамаар, ямар амжилт гаргаж явсны үргэлжлэл. Жаргалтай, сайхан амьдралын суурь шалтгаанаа тавьж чадсан бол хулгана жилдээ дажгүй байна гэж бодох хэрэгтэй. Шашин номын талаас сүсэг бишрэлтэй хүмүүс олон бий. Иймд үүнийг тооцож, харгалзаж үзэх ёсон бий.Энэ ёсоор монголчууд зурхайг ашиглаж он тооллоо тооцоолж гаргадаг сайхан уламжлалтай.  Бидний эцэг өвгөд 1000 жилийн тэртээгээс цагаан сарыг тэмдэглэж иржээ. Цагаан сарын баяр гэдэг бол монгол хүнийг тодорхойлсон ямар зан заншилтай өв соёлтой хүмүүс вэ гэдгийг тодорхойлдог баяр. Энэ өдөр эв нэгдэлтэй, элбэг хангалуун байвал бүтэн жилийн турш сайн сайхан явахын үндэс гэж үздэг.Мөн амьд сэрүүн байснаа тэмдэглэж, шинэ жилдээ цэвэр оръё гэсэн утгатай. Жилийн эхний өдрийг элбэг дэлбэг хангалуун тэмдэглэх нь тэр жилдээ энэ байдлаа алдахгүй байх санааг агуулдаг. Зурхайд энэ жил хөгшчүүл гайгүй зурагдсан бөгөөд залууст хатуу, нялхаст анхаарууштай. Дээдсүүдэд ширүүн, дунд түвшний албан тушаалтнуудад  бүр ширүүн буусан байна. Тиймээс ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүмүүс зөв сайхан ажил хийхгүй бол энэ жил хэцүү байх зурлага харагдаж байна. Мөн жилийн дунд үеэс өмнө бороо хур багатай, жилийн дунд үеэс хойш  бороо хур элбэг байх тул тариа ногоогоо бүрэн авч чадна гэсэн зурлага гарсан. Гэхдээ энэ бол магадлал шүү дээ. Өөрийгөө хэчээн биеэ зөв авч яваа хүнд энэ мэдэгдэхгүй.
-Шинээр жаран эхэлсэн эхлээгүй гэх маргаан хүмүүсийн дунд их байна. Шинээр жаран эхэлж байгаа юу?
-Жаран эхлээгүй. Дараагийн жаран (XVIII дугаар жаран) 2047 онд эхэлнэ.