ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Батсайхан: Завхан аймагт олгосон 150 орчим лицензийг хүчингүй болгосон

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-19

 -Завхан аймаг өнгөрсөн хугацаанд 50 гаруй жижиг, үйлдвэр цехтэй болсон- 

 

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханыг энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа.

-2020 онд Завхан аймагт ямар бүтээн байгуулалт өрнөх вэ. Аймгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд юунд илүү анхаарч ажиллах вэ?

-Манай аймгийн хувьд өнгөрсөн жил багагүй бүтээн байгуулалтын ажил өрнөлөө. Тухайлбал, өнгөрсөн жил 400 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийлээ. Үүнээс 300 тэрбум төгрөгийг авто замын бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан. Нийтдээ 355 км хатуу хучилттай замтай боллоо. Мөн сургууль, цэцэрлэг, соёлын төв гэх мэт нийтдээ 23 барилга шинээр барьж ашиглалтад оруулсан.

-Аймгуудын хувьд өрсөлдөх чадварын үзүүлэлт хэр байгаагаас хөгжлийг нь тодорхойлж болно. Цаашилбал, хэрхэн удирдан чиглүүлж байгааг ч үнэлж, дүгнэж болно шүү дээ?

-Өрсөлдөх чадвар нэлээд том суурь үзүүлэлт шүү дээ. Гэхдээ сайн, муу ажиллаж байна гэхээс илүүтэй улсын макро түвшний хөрөнгө оруулалттай аймгуудад хэрхэн тэгш хуваарилагдаж байна вэ гэдгийг давхар харуулж байгаа юм. Үндсэн суурь нь дэд бүтэцтэй холбоотой. Тухайлбал, хэчнээн км замтай болсон бэ, хэчнээн барилга байгууламж шинээр барьсан бэ, агаарын тээвэр болон төмөр зам нь ямар болсон бэ, тухайн орон нутгийг чиглэсэн бизнесийн урсгал нь хэр байгаа юм бэ гэдгийг ярина. Цаашилбал, гадаад,  дотоод гарц нь ямар байгаа юм бэ гэх мэт олон зүйлд үндэслэж гардаг үзүүлэлт шүү дээ. Тэгэхээр өрсөлдөх чадварын үзүүлэлтээр аймаг, орон нутгийг шууд тодорхойлж болохгүй. Хамгийн чухал нь аймаг, орон нутаг руу урсаж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ гэж харж болно. Манай аймаг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 2016 онд 21 дүгээр байранд байсан. 2017, 2018 онд 17 байранд орсон. Харин энэ жилийн хувьд 16 дугаар байрт оржээ. Үүнийг 2016 онтой харьцуулбал, таван байр ахисан байна.

-Өнгөрсөн хугацаанд багагүй хөрөнгө оруулалт татаж, шинээр дэд бүтэц болон барилга байгууламжийг  ашиглалтад оруулжээ. Үзүүлэлтийг ахиулахын тулд юунд илүүтэй анхаарлаа хандуулж ажиллах вэ. Төлөвлөгөө бий юу?

-Тийм ээ. Зайлшгүй анхаарах зүйл хэд хэд бий. Тухайлбал, ДНБ-ийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Дэд бүтцийг сайжруулах шаардлагатай. Нөгөөтээгүүр, манай аймаг төмөр замгүй учраас үзүүлэлтээ огцом өсгөж чадахгүй. Гэвч анхаарч ажиллах ёстой болно. Өнгөрсөн жил агаарын тээвэр, авто зам, барилга байгууламж шинээр ашиглалтад орсон учраас үзүүлэлт ахихад нөлөөлсөн байх. Дахин 67 км хатуу хучилттай замыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Мөн Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар 100 хувь холбогдож чадсан үед үзүүлэлт дээшилнэ. Энэ онд хатуу хучилттай замаар Улаанбаатар хоттой холбогдоно гэж төлөвлөсөн.

-Замын бүтээн байгуулалт өнгөрсөн хугацаанд багагүй өрнөсөн. Одоогоор аль, аль сумууд хатуу хучилттай замаар холбогдоогүй байгаа бол?

-Одоогийн Завхан аймгийн төв болох  Улиастай хот авто замаар холбогдоогүй байна. Одоогийн байдлаар 50 км зам дутуу байгаа юм. Мөн Их-Уул, Тосонцэнгэл, Нөмрөг, Сонгино, Тэлмэн зэрэг сум Улаанбаатар хоттой шууд хатуу хучилттай замаар холбогдсон. Идэр, Түдэвтэй зэрэг сум 10-15 км зам дутуу байгаа. Өмнө нь 350 км замыг туулж байж, хатуу хучилттай замтай нийлдэг байсан бол одоо 90 км болсон. Цаашид энэ тоо буурч, Улаанбаатар хоттой 100 хувь хатуу хучилттай замаар холбогдоно.

-Завхан аймаг  газар зүйн байршлын хувьд зах зээлээс нэлээд алслагдмал. Хил гаалиас хол шүү дээ. Тиймээс орон нутагт үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, дэмжих талаар хэрхэн ажиллаж байна вэ. Хэчнээн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа вэ?

-Газар зүйн хувьд манай аймгийг ойн цоорхой шиг гэж нэрлэж болно. Төвлөрсөн зах зээлээсээ 1000 км-ын зайтай. Баруун талын төв зах зээлээс 1000 км-ын зайтай байгаа. БНХАУ-тай холбогдсон зах зээлээс 700 км зэргээс хамаараад манай аймагт сул тал олон бий. Тиймээс сул талаа давуу  болгож ашиглахын тулд дэд бүтцийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Бид хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч болох томоохон зорилт тавиад ажиллаж байна. Ажил маань амжилттай үргэлжилж байгаа. Энэхүү ажлын хүрээнд сум бүрт  2-5 жижиг үйлдвэрийг барихаар ажиллаж байна. Тухайлбал, хөдөө болон мал аж ахуйн гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавьсан. Энэ зорилгын хүрээнд гурван шугамаар ажил хийж байна. Өөрөөр хэлбэл, Дэлхийн зөн олон улсын байгууллагад хандаад “Эдийн засгийн тусгай” төслийг боловсруулсан. Санхүүжилт нь шийдэгдээд 2018 оноос эхлэн төсөл хэрэгжээд явж байна. Төслийн үр дүнд 26 үйлдвэрлэгч бүлгийг байгууллаа. Тус бүрт нь 180 сая төгрөгийн тоног, төхөөрөмжийг үнэ төлбөргүй гардуулж өгсөн. Тэгэхээр Завхан аймаг шинээр 26 жижиг  үйлдвэртэй болсон гэсэн үг. Мөн аймгийн Засаг даргын санаачилгаар гадаад зах зээлээс 380 сая төгрөг босгосон. Энэ мөнгөөр сум бүрт жижиг үйлдвэр, цех байгуулах зорилтыг тавьсан юм. Тухайн суманд ямар үйлдвэр барих вэ гэдгийг иргэд  хэлэлцээд шийдсэн. Тиймээс 24 сумд 24 жижиг үйлдвэр, цех байгуулагдлаа. Тэгэхээр Завхан аймаг өнгөрсөн хугацаанд 50 гаруй жижиг, үйлдвэр цехтэй болсон гэсэн үг.

-Гадны улс орнуудаас санхүүжилт босгох нь амаргүй ажил. Тэр дундаа үйлдвэрлэл хөгжөөгүй орон нутагт санхүүжилт өгөх нь нэлээд эргэлзээтэй шүү дээ?

-Завхан аймагт хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор чуулга уулзалтыг зохион байгууллаа. Тус чуулганаар Завхан аймагт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүмүүстэй гэрээ байгуулсан. Нийтдээ 86 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх гэрээ байгуулсан. Мөн 30 гаруй тэрбум төгрөг орж ирэхээр гэрээ байгуулсан юм. Энэхүү гэрээний үр дүнгүүд эхнээсээ гарч байна. Тухайлбал, Идэр суманд дэлхийн зах зээлд гаргах сарлагийн сүүг герман технологиор боловсруулж, бяслаг хийх үйлдвэрийг удахгүй ашиглалтад оруулна. Үйлдвэрийн барилгыг барьсан. Тоног төхөөрөмж нь ороод ирсэн. Ингэснээр Завхан аймгийн Идэр сум экспортод гаргах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Мөн Дөрвөлжин суманд чацарганын үйлдвэр байгуулахаар ажиллаж байна гэх мэтээр яриад байвал хийсэн, бүтээсэн, хийхээр төлөвлөсөн өчнөөн ажил бий.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж байгаа гол бодлого нь импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээс гадна  ажилгүйдлийг бууруулахад чиглэж байгаа юу?

-Нутаг орныг хөгжүүлэх нэн тэргүүний зорилт нь хүн шүү дээ. Хамгийн чухал нь хүнээ хөгжүүлэх ёстой юм. Тиймээс бид “Оюунлаг Завханчууд” хэмээх хөгжлийн хөтөлбөрийг боловсрууллаа. Хүний хөгжлийг дэмжсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь сайн бизнесмен буюу хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч болох зорилт юм. Энэхүү ажлын хүрээнд сургалтуудыг нэлээд зохион байгуулсан. Сургалтын үр дүнд 4000 гаруй айл өрх тогтмол өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг болсон. Мөн 60 орчим жижиг үйлдвэр шинээр бий болсон байна. Өмнө нь ажиллаж байсан жижиг, дунд үйлдвэрүүд үйл ажиллагаагаа тэлсэн байгаа. Төслийн хүрээнд ажилгүй иргэдийн тоо эрс буурсан. Манайх ажилгүйдэл багатай хоёр аймгийн нэг нь. Одоогоор албан ёсны бүртгэлтэй 700 орчим иргэн бий. Одоогоос дөрвөн жилийн өмнө 1400 байсан бол даруй 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

-Энэ онд хэчнээн төгрөгийн бүтээн байгуулалтыг хийх вэ?

-2020 онд 127 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. Ихэвчлэн 2018, 2019 онд эхлүүлсэн дутуу гүйцэтгэлтэй байгаа ажлуудаа дуусгана. Мөн сургууль, цэцэрлэгийн барилгыг шинээр барина. Хамгийн чухал ажил нь Завхан аймаг энэ онд Улаанбаатар хоттой шууд хатуу хучилттай авто замаар холбогдоно.

-Түүнээс гадна Завхан аймаг уул уурхайн лицензийн тоог 50 хувиар бууруулсан гэдэг мэдээлэл байна. Энэ үнэн үү. Отгонтэнгэр хайрханы өвөрт олгосон лицензийг цуцлах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Уул уурхайн салбарт ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?

-Завхан аймаг уул уурхайгаас ангид орон нутаг болно хэмээн уриалга дэвшүүлээд дөрвөн жил ажиллаж байна. Аймгийн ИТХ-аар хүртэл шийдвэрээ гаргасан. Анх уул уурхайн 99 лиценз олгосон байсан. Үүнээс 56 лиценз үлдээд байна. 40 гаруй лицензийг нь хүчингүй болгосон. Мөн шинээр олгохоор 90 гаруй лиценз шийдвэрлэсэн байсныг зуун хувь хүчингүй болгосон. Одоогийн байдлаар 150 орчим лицензийг хүчингүй болгосон байна. Бид үлдсэн 56 лицензийг хүчингүй болгох асуудлыг ярьж байгаа. Мөн Отгонтэнгэр хайрханы орчим 2002 онд хайгуулын лиценз анх олгосон байдаг юм билээ. Энэ нь 2019 онд ашиглалтын лиценз болж хувирсан байдаг. Энэ бол хууль бус лиценз. Учир нь бүхэл бүтэн 18 жилийн хугацаанд нэг ч удаа ирээгүй, нэг ч удаа хайгуул хийгээгүй чимээгүй байж байгаад гэнэт ашиглалтынх болж хувирсан байдаг. Тиймээс бид хууль хяналтын байгууллага болон холбогдох газруудад нь өгсөн. Энэ хүрээнд Ерөнхий сайдын шийдвэр гарч, хүчингүй боллоо. Тиймээс Отгонтэнгэр хайрханы бүс нутаг лицензгүй болсон.