ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Та ийм байхад, би...

А.ОДСҮРЭН
2020-02-21

Цагаан хулгана жил гарахад гуравхан хоног үлдлээ. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг монголчуудын үндэсний, монгол гэх омогшлын, баяр бахдалын өдөр. Монгол үндэсний гэх хоёрхон баярын нэг. Хятадаас гаралтай титэмт вирус гэгч тахал дэлхийн улс орнуудад тархаж, олон хүн үхэж, өвчилж, халдварлаж байна. Ханиад томуунаас угтаа бол шал өөр юм л даа. Улс орон онцгой, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоож байна.

Вирусийн халдварт өвчин гэдэг хэзээ хэнд ч ямар ч байдлаар халдаж болох маш аюултай, эрсдэл өндөртэй. Нэгэн бие өвдлөө гэхэд нэлээд хэдэн хүнд халдах боломжтой аюулт өвчин. Дэлхийн улс орнууд айн түгшиж, сандарч байна. Халдвар тархсан байх хамгийн өндөр эрсдэлтэй манай улс ч эрвийх дэрвийхээрээ хичээж, халдвар тархалахгүйн тулд боломжоороо хөдөлж байгаа.

Хэдэн өвөө эмээ нарыг эс тооцвол сар шинээр золгохгүй, айл хэсэхгүй, олноороо нэг дор цуглахгүй байх нь зөв гэцгээж байна. Хятад улс цагаан сараа хориглоогүйгээс болж халдварын тархалтаа хяналтаас гаргачихлаа, буруу юм боллоо гэж мэдэгдэж байхад харин монголчууд, тэр тусмаа парламентч нь, нэр нөлөө бүхий бизнесмэн эмэгтэй хүртэл төр засгийн шийдвэрт эргэлзэж суугаа нь эмгэнэл биш гэж үү. 

Гандантэгчэнлин хийдийн хамба лам нь “Сар шинээ тэмдэглэхгүй байх нь билэг дэмбэрэлгүй л юм даа” гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Нэгэнт вирус манай улсад орж ирээгүй л юм бол яагаад сар шинийг хориод байгаа юм бэ. Монгол хүн байна даа. Цагаан сараар нутаг орондоо очиж ах дүүстэйгээ гар зөрүүлж болохгүй юм уу” гэж ярих жишээний. “Петровис” группын захирал Ж.Оюунгэрэл твиттер хуудастаа “Сургууль цэцэрлэгийг хаалаа гээд ээж аав нь ажлаа хийж байгаа. Тэд халдвар авбал гэр бүлээрээ өвдөнө. Зөвхөн хүүхдүүдийг гэрт нь ийм удаан байлгах зөв шийдэл мөн үү” гэж бичсэн байх юм. 

Бид хаашаа л яваад байна даа. Хувьтай хүн хулгана жилийг үздэг гэдэгт итгэдэг хүн өнөө цагт хэр олон бол. Шинийн нэгний өглөөг монголчууд гэр орондоо яаж угтдаг, яг тэр заншлаараа шинэ сараа угтаж болно. Өвчингүй л бол жаргал шүү, сүсэгтэн олон минь гэж яагаад хэлж болохгүй гэж. Парламентч хүн цагаан сараа хийе л дээ, тэр вирус чинь Монголд орж ирээгүй гэж байна гэж иргэд сонгогчдоо уриалаад сууж байх ч гэж дээ. Харанхуй бүдүүлэг байж болно оо.

Дэлхий нийтээрээ айж түгшиж байгаа халдварт өвчний ид тархалтын үед сэрэмжлүүлж, болгоомжлуулах үүрэгтэй хүн биш бил үү, О.Баасанхүү. Хүүхэд бол хүүхэд. Хариуцлагагүй. Олноороо нийлнэ, бужигнана. Маскаа тогтмол зүүж чадахгүй, гараа ч байнга угааж сураагүй. Гадуур сэлгүүцнэ. Эцэг эхчүүд харьцангуй хариуцлагатай, хувийн ариун цэврээ сайн сахина гэдгийг ялгаж салгаж ойлгодоггүй бизнесмэн эмэгтэйн ухамсар аль шатанд яваа юм бол. Түүнчлэн сургууль, цэцэрлэгүүдэд хөл хорио тогтоосноор ханиад томууны өвчлөл харьцангуй буурсан талаарх албаны хүмүүсийн мэдээлэл ч байна. 
Хариуцлагатай байх, ард иргэдээ аюул ослоос сэрэмжлүүлэх, эрүүл мэнд, амь насыг нь хамгаалах үүрэгтэй “томчууд” минь дээ. Та нар ийм юм яриад байхаар бид яах болж байна. Нарантуул зах битүү хүн, Дүнжингарав пиг байх нь аргагүй л юм байна.