ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Даваасүрэн: Монголд анх удаа 100 мегаваттын том станц бий болно

O.Admin
2020-02-21

2020 оныг "Эрчим хүчний хүний нөөцийг хөгжүүлэх" жил болгон зарлажээ. Энэ хүрээнд хийгдэх ажил болон зарим асуудлаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.

-“Эрчим хүчний хүний нөөцийг хөгжүүлэх” жил болгон зарласан гэлээ. Энэ хүрээнд 2020 онд хүний нөөцийг хөжүүлэхэд ямар чиглэл барьж ажиллах вэ. Эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин хэр их ажиллаж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар хүний нөөцийн тооны хувьд хэтэрхий данхайсан байдалтай байгаа. Жишээлбэл, 100-200 хүн ажиллах станцид 600-1000 хүн ажиллаж байгааг өөрчлөх хэрэгтэй. Ингэхийн тулд иж бүрэн автоматжуулсан систем буюу орчин үеийн өндөр технологи оруулж ирэх шаардлагатай байгаа юм. Өндөр хүчин чадал бүхий технологи оруулж ирэхэд түүнийг ашиглах хүн нь бэлэн байх хэрэгтэй учраас инженер техникийн ажилчдаа бэлтгэхээр төлөвлөсөн. Нөгөө талаар гадаадад олон зүйл сурч мэдсэн монгол залуус эх орондоо ирж ажиллаж чадахгүй байгаа. Өндөр хэмжээнд өөрийгөө хөгжүүлсэн тэдгээр залууст энэ салбарт ажиллах боломж олгоё гэж үзсэн. Удирдлагын түвшинд мэргэжлийн бус хүн ажиллаж байсныг багагүй өөрчиллөө.

-2019 онд цахилгааны үнийг нэмсэн. Иргэдийн эдийн засагт дарамт болохгүйгээр нэмсэн гэж байсан ч илт өөрчлөгдсөн гэж гомдоллож байгаа. Та үүнд тайлбар өгөөч?

Цахилгааны үнэ тарифы асуудлыг Эрчим хүчний зохицуулах хороо хариуцдаг болсон. Хуулийн дагуу 2012 оноос хойш хариуцдаг болсон юм. Үнийн асуудалд бидний зүгээс бага зэрэг гомдолтой байдаг. Учир нь бид хөрөнгө оруулалт хийх хэмжээний үнээр эрчим хүчээ борлуулж чадахгүй байгаа. Өнөөдөр зарим айл гэр бүлийнхээ нэг гишүүний гар утасны төлбөрөөс хямд төлбөрийг эрчим хүчинд зарцуулж байгаа шүү дээ. Гэтэл суурь болсон эрчим хүч нь хүнд байдалд байгаа. Одоогоор 11 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа нь энэ жил өөрсдийн орлогоор шинэчлэлт хөрөнгө оруулалт хийж чадахгүй гэсэн үг. Мөн авч буй сэлбэг болон хэрэглэж байгаа түүхий эдийн үнэ нь зах зээлээ дагаад өсчихсөн. Шинэчлэл хийж чадахгүй байгаа учраас ухаалаг системтэй болгож, үйл ажиллагааныхаа зардлыг багасгахчиглэлд анхаарч байгаа хэрэг. Өнөөдөр Монголд нарны эрчим хүчний үнэ дэлхийн зах зээлийн нэг киловатт эрчим хүчний үнээс дөрөв дахин, салхиных хоёр дахин өндөр үнэтэй. Үүнийг бууруулах ёстой. Ийм бизнесийн тогтолцоог бий болгочихоод өмнө нь нар, салхины маш олон лиценз олгосон байсан. Үүнийг цэгцлэхийн тулд өнгөрсөн хавар хамгийн бага үнийн санал тавьсан хүнд л станц барихаар болгож, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ жил Монголд анх удаа 100 мегаваттын батарей хуримтлууртай том станц бий болно.

-Алдагдалгүй ажиллахын тулд юуг анхаарах шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Нэг талаас эрчим хүчний зарцуулалтын оновчтой болгох чиглэл рүү явах ёстой нөгөө талаар зах зээлийн зарчмын дагуу үнэ тарифын хөдөлгөөнийг зохицуулах хороо хийх ёстой. Манайд дулаан үйлдвэрлэдэг онцлогтой. Гэхдээ гадны улсад 100 мегаваттын станц дээр нэг хүн ажиллаж болоод байхад манайд яагаад 400 хүн ажиллах ёстой вэ. Алдагдалгүй ажиллахын тулд иж бүрэн автоматжсан станц бий болгох нь зөв.

-Импортын эрчим хүчийг бууруулах чиглэлээр ямар ажил хийх вэ?

Манай улс нийт эрчим хүчнийхээ 19 хувийг импортоор авч байна. Гол хэрэглээ нь Оюутолгойд ашиглагдаж байгаа. Тиймээс жил орчмын өмнө Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай станц барих тухай гэрээг байгуулсан.

-Хийн хоолойн асуудлаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бид ОХУ-тай ажлын хэсгээ байгуулсан бөгөөд хоёр улсын дэд сайд нар ахалсан ажлын хэсэг баримт мэдээллээ цуг­луулах ажилдаа орсон байна. Харин БНХАУ-д хүсэлтээ тавьсан байгаа. Энэ нь шинэ коронавирусийн асуудлаас болж бага зэрэг хүндрэлтэй байна.

-Эрчим хүчний салбар хэдий хэр хэмжээний алдагдалд хүрсэн байгаа бол?

-Үнэ тарифын асуудлаас болж эрчим хүчний систем хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэлээ хийж чадахгүй байгааг нуухгүй. 2018 онд 23 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Харин өнгөрсөн жилийн хувьд урьдчилсан гүйцэтгэлээс харахад 11 тэрбум төгрөгийн алдагдалтай гарахаар байна. Өөрөөр хэлбэл бид гаргасан зардлаа орлогоороо нөхөж чадахгүй байдалд хүрсэн. Техник шинэчлэлээ хийхээр үнээ нэмэх гэхээр эсэргүүцэх хүн олон. Өнгөрсөн жил цахилгааны үнэд бага зэрэг өөрчлөлт орсон нь зөвхөн нар, салхины станцтай холбоотой.