ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ганхуяг: Тавдугаар сарын 1-ний өдрөөс ногдол ашиг тараана

Д.ЖАМЪЯНДАГВА (сэтгүүлч)
2020-03-03

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас ногдол ашиг тараах талаар мэдээлэл хийлээ.  Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Дансаа нээлгээгүй иргэд цахимаар бүртгүүлэх боломж­той гэлээ. Хэрхэн бүртгүүлэх вэ?

-Өнөөдрийн байдлаар нэг сая 854 мянган иргэн дансаа нээлгэсэн байна. Данс нээлгээгүй иргэд үнэт цаасны компанид очих болон цахимаар нээлгэх боломжууд байгаа. Компанийн зүгээс иргэдийн цаг завыг алдуудахгүй байхын тулд “Цахимаар бүртгүүлцгээе” аяныг эхлүүлж байна. Иргэд “Эрдэнэс Тавантолгой” апплткейшнийг татаж авснаар мэдээллээ шалгах, бүртгүүлэх боломжтой. Анхааруулж хэлэхэд иргэд  дансаа давхар нээлгүүлэх тохиолдол байна. Эхний ээлжинд данстай эсэхээ шалгаж үзэх хэрэгтэй. Ногдол ашиг авахын тулд харьяа үнэт цаасны компанид очиж ямар арилжааны банкны харилцах дансаар авах вэ гэдгээ баталгаажуулах ёстой. Харилцах дансаа өөрчлөх шаардлагатай бол тухайн үнэт цаасны компанид хандан өөрчлүүлснээр ногдол ашигаа авах боломжтой. Хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанидаа хандан хүсэлт гаргаж, ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлнэ. Бүртгүүлсэн дансанд ногдол ашиг 2020 оны тавдугаар сарын 1-ээс хойш орно.
-Нас барсан иргэний хувьцааг өвлөж авахын тулд иргэд ямар материал бүрдүүлэх ёстой вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсны дараа Санхүү­гийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрх”-ийг бусдад бэлэглэх эрх нээгдэнэ. Харилцагч төв­лөр­сөн хадгаламж дахь дансны хөрөн­гийг өв залгамжлан авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамж­лаг­чийн иргэний үнэмлэх, тухайн хүний нас барсны гэр­чил­гээ, өв хүлээн авагчийн өргө­дөл, гүйлгээний шимтгэл төл­сөн баримт зэргийг бүрдүүлнэ.

-Экспорт огт хийгдэхгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Нүүрс тээвэрлэлт хэр явагдаж байгаа вэ? 

-Сүүлийн үед нүүрсний экспорт огт хийгдэхгүй байна гэсэн худал мэдээлэл цацагдах болсон. “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны  нэгдүгээр сарын 1-ээс хойш 1,6 сая тонн нүүрс экспортлосон. Энэ жилийн хувьд экспорт өнгөрсөн жилүүдийнхээс  буурсан нь үнэн. Гэхдээ төлөвлөгөө тасраад санхүүгийн байдал хүндэрсэн зүйл байхгүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйл манай улс ч гэлтгүй дэлхийд бий болоод байна. Үүнийг дагаад экспортын орлого тасалдах, үр ашгийн хэмжээ багасах, төсөл хөтөлбөрүүд үйл ажиллагаагаа эрчимтэй явуулах боломжууд хомсдсон. Компанийн нэн түрүүний бодлого бол үндэсний эрх ашиг, монгол хүний эрүүл мэндийн асуудал юм. Бид эрсдлийн төлөвлөгөөгөөрөө даваад гарах бүрэн боломжтой. Бид компанийг  хөл дээр нь босгосон шигээ хөгжлийн зам руу нь ямар нэгэн саадгүй хөт­лөөд явна. Одоогийн “Эрдэнэс таван толгой”-н менеж­ментийн багт эргэлзэх зүйл байхгүй гэдгийг хариуц­лагатайгаар хэлмээр байна.

-Хөл хорионы үеэр тээвэрлэлт яаж явагдах вэ? Улсын онцгой комиссоос ямар үүрэг чиглэл өгсөн бол?

-Энэ талаар УОК-оос бидэнд чиглэл өгсөн. Үүний дагуу гуравдугаар сарын 15-ны өдрөөс экспорт явагдах бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэхдээ өндөржүүлсэн бэлэн байдалтай тусгай хяналтан доор явуулна. Тээврийн жолооч нарыг  ажилдаа ороход нь хамгаалах хэрэгсэлээр хангах бөгөөд бэлтгэл ажил хийгдээд дууссан. Бэлтгэл ажилд гарах зардлыг “Эрдэнэс Тавантолгой” өөрөөсөө гаргаж байгаа юм. Жолооч нар хил давахдаа зөвхөн машины цонхоор бичиг баримт өгнө. Замдаа гаалийн байр зэрэг дээр буухгүйгээр эрсдэл багатайгаар нүүрсээ буулгаад шууд буцаж ирнэ. Манай компани одоо хэсэг бүлэг хүмүүсийн компани биш болсон.  2.5 сая орчим хувьцаа эзэмшигчдийн хараа хяналтын дор үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр иргэд өнөөдөр анх удаа 2019 оны ногдол ашиг хүртэх  гэж байна. Энгийнээр хэлэхэд оруулсан хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртэнэ. Цалингаа авч байна гэсэн үг. Зарим иргэд ногдол ашиг тараахгүйгээр сургууль, цэцэрлэг барья гэж байна. Бид хуулийн дагуу иргэдэд ногдол ашгийг нь тараана. Харин ногдол ашгаа авахгүйгээр хандивлах нь хувь хүний эрх. Түүнээс бус ногдол ашгаа авахаар хүлээж байгаа бусдынхаа эрхэнд халдаж болохгүй. 2018 оны ногдол ашиг болох 54 тэрбум төгрөгийг иргэдэд дам байдлаар олгоно. Ашигтай л ажилласан бол үр ашгаа их, бага хамаагүй авах нь бизнесийн хууль.