ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Түрээсээ төлж дийлэхгүй ч төрийн шийдвэрийг хүндэтгэнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-10

Шинэ төрлийн вирусийн халдвар тархаж, дэлхий дахинаа аюулын харанга дэлдээд буй. Үүнтэй холбогдуулан улс орон бүр урьдчилан сэргийлэх арга хэмжээг дор бүрнээ зохион байгуулж байгаа хэдий ч аль хэдийнээ халдвар 100 гаруй орныг хамарч, цаг минутаар хүрээгээ тэлсээр байна. Манай Улсын хувьд халдвар тархах хамгийн эрсдэл өндөртэй орноор нэрлэгдсэн хэдий ч халдварын тохиолдол илрээгүй байгаа нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ буюу хөл хорио тогтоосны гавъяа. Гэвч орон даяар хөл хорио тогтоож, олон нийтийн үйл ажиллагааг зогсоосон нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа. 

Ялангуяа хувиараа бизнес эрхлэгч, үйлчилгээний байгууллагууд алдагдалд орж, хүндхэн байгаагаа хэлж буй. Хөл хорио тогтоогоод буй энэ үед худалдаа, үйлчилгээний бодит нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар зах худалдааны төвүүдээр орлоо. Энгийн үед зөрөх зайгүй шахам хөвөрч байдаг олны урсгал Нарантуул захад алга. Эль хульхан гэмээр орчин угтаж байна. Худалдаачид хэд хэдээрээ цуглан хөзөр тоглосон шиг цагийг өнгөрөөж харагдана. Энэ байдлаас харахад лангуу түрээслэн, бараа зарж хоолоо залгуулдаг худалдаачдын байдал хүндхэн байгаа нь илт. Орлого гэх гавьтай зүйл байхгүй хэдий ч өдөр бүр лангуу сахиж, түрээс төлнө гэдэг мэдээж хүнд.

Өнгөрсөн сарын 28-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар коронавирусээс урьдчилан сэргийлж буй өндөржүүлсэн бэлэн байдлын үед эдийн засгаа дэмжсэн зарим нэг арга хэмжээг авахаар болсон. Уг шийдвэрийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газруудад түрээсийн төлбөрөө бууруулбал татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон билээ. Энэхүү татварын хөнгөлөлтөд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд түрээсийнхээ төлбөрийг бууруулсан түрээслэгчид л хамрагдах боломжтой юм. Уг шийдвэр гарсны дараа цөөн тооны  томоохон зах, худалдааны төвийн удирдлагууд түрээсийнхээ төлбөрийг бууруулж эхэлсэн. Тухайлбал, Дүнжингарав  худалдааны төв гурав болон дөрөвдүгээр сарын түрээсийн төлбөрөө 60 хувиар бууруулахаар болсон юм. “Шөнийн зах” худалдааны төв ч түрээсийн төлбөрөө 30 хувиар бууруулсан,  “Хүчит шонхор” компани түрээсийн төлбөрөө 50-80 хувь хөнгөлж байгаагаа мэдэгдээд байгаа. Харин “Сандэй” худалдааны төвийн хувьд  нийт 617 өмчлөгч, 912 бизнес эхлэгч байдаг учраас түрээсийн төлбөрөө бууруулах албан шаардлага хүргүүлэх боломжгүй. Гэхдээ зарим өмчлөгч нар 10-20 хувиар түрээсийн төлбөрөө бууруулсан гэж мэдээлээд байгаа юм. Харин үлдсэн зах, худалдааны төвүүд түрээсээ хөнгөлөх талаар мэдэгдээгүй байна. Эль хуль оргиж буй 8000 орчим   лангуутай   “Нарантуул” худалдааны төв  түрээсээ хөнгөлөх боломжгүй гэдгээ түрээслэгчдэдээ мэдэгджээ. Бид “Нарантуул” захын хэд хэдэн түрээслэгчидтэй уулзаж, нөхцөл байдлын талаар тодруулсан юм.

У.Эрдэнэцэцэг: Нөхцөл байдал хүнд байгаа ч гол нь эрүүл мэнд чухал 

-Зах амарч ороод удаагүй болохоор түрээс хөнгөлөх тухай яриа гараагүй байна. Хуралдана гэсэн сураг сонсогдсон. Ш.Сайхансамбуу дарга гадагшаа явчихсан байгаа юм шиг байна билээ. Захирал ирээд ажилчидтайгаа хуралдсаны дараа бид нарт хэлэх байх. Манай нэг сарын түрээс метр квадрат тутамдаа 73 мянган төгрөг байдаг. Барааны үнийн хувьд бусад газруудаас хямдхан ч худалдан авалт муу хөл хорио тогтоосноос хойш эрс буурсан. Цагаан сарын баяраар эхний хэд хоног гайгүй байсан ч Ерөнхийлөгч уриалга гаргаснаас хойш хүмүүс захаар явахаа больсон. Хэдий бидний нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн хамгийн гол нь эрүүл мэнд шүү дээ. Дэлхийн зуугаад оронд вирус тархсан гэж сонссон. Дөрөв, тавдугаар сарыг давчихвал гайгүй болох байх гэж найдаж байна. Манай захын хувьд өглөө бүр ариутгал хийгээд байцаагч нар маскаа зүүх, шүлсээ хаяхгүй байх талаар шаардлага тавьж байгаа.

Б.Нармандах: Худалдан авалт бараг байхгүй болсон гэхэд болно

-Ажилласан хоног, хэмжээнээсээ хамаараад  түрээс янз бүр байдаг. Дунджаар сарын 70 мянга хавьцаа байдаг. Хүн бүр хувьдаа эрүүл ахуйгаа сахих шаардлагатай байна. Хэдийгээр хүн цөөтөй, худалдан авалт муу байгаа ч гэсэн бид өглөө ирээд л зогсдогоороо зогсоод оройдоо бууж байна. Худалдан авалт бараг байхгүй гэхэд болно. Өвчин томуу нь эдгээд дуусвал эргээд хэвийн болох байх.

Х.Эрдэнэбаатар: Түрээс хөнгөлөх асуудал огт яриагүй

-Түрээс хөнгөлнө гэсэн яриа гараагүй. Дүнжингарав гэх мэт зарим захууд хөнгөлсөн гэж сонссон. Манай түрээс гадаа учраас гайгүй хямд байдаг. Тэгээд хэмжээнээсээ хамаараад  том бол ахиу төлөөд жижиг бол гайгүй л төлдөг. Баяр давхцаад худалдан авалт бага байна. Зах амарч ороод удаагүй байгаа болохоор худалдан авалт тааруу байна. Эрсдэлийг даваад гарах бололцоо бидэнд байгаа. Ямар ч үед дор дороо хичээх хэрэгтэй. Бараа зарагдахгүй байна гээд л хувиа бодоод суух цаг биш.  Бүгд дор дороо хичээж байж л давна.

Х.Хурбилэг: Хамгийн бага түрээстэй гээд хөнгөлөхгүй байгаа

-Хамгийн бага түрээстэй болохоор манайх хөнгөлөхгүй байх шиг байна. Өвчин гарсантай холбоотой хүмүүсийн худалдан авалт ч бага байна.

...Түм түжигнэж бум бужигнаж байдаг “Нарантуул” захын түрээслэгчдийн нөхцөл байдал ийм байна. Хөл хориотой холбоотойгоор үйлчлүүлэгч буурч, тэр хэмжээгээр алдагдал хүлээж байгаа гэдгээ түрээслэгчид нуусангүй. Гэхдээ хүн бүрийн эрүүл мэндийн төлөө гаргасан төрийн шийдвэрийг тэд хүндэтгэж буйгаа илэрхийлж байлаа. Бидний орсон дараагийн газар бол хотын “А” зэрэглэлд тооцогддог  Сүхбаатар дүүргийн арван нэгдүгээр хороонд байрлах “Номин” худалдааны төв. Энгийн үеэ бодвол энд ч бас хөл хөдөлгөөн гэх зүйл бараг байсангүй. Хамгийн ачаалалтай хэсэг нь кассад дугаарлаж буй хоёр гурван үйлчлүүлэгч байлаа. Тус худалдааны төвийн түрээслэгчид ингэж ярив.

С.Намуун-Эрдэнэ: Маскаа зүүж үйлчлүүлэхийг уриалж байна

-Хувийн хэвшлийн байгууллага учраас түрээсээ бууруулаагүй. Сүүлийн хоёр сар худалдан авалт эрс буурсан. Зөвхөн манайх гэлтгүй бүх л үйлчилгээний газруудад ийм асуудал тулгарч байгаа. Үйлчлүүлэгчиддээ хандаж хэлэхэд гадуур гарахдаа, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхдээ маскаа сайн зүүгээд, ариун цэврээ сайн сахихыг уриалж  байна.

Н.Зандармаа: Хойноос орж ирэх хилийг хаамаар байна

 -Сарын  700 мянган төгрөгөөр түрээсэлдэг.  Өвчин гарсан болохоор ойрдоо худалдан авалт бага байна. Сүүлийн үед хүмүүс маск зүүхээ больчихлоо. Үйлчлүүлэгчдийн хувьд өөрсдийгөө хамгаалах идэвхи нь буурчихсан. Болж өгвөл хойноос орж ирж байгаа хилээ хаачихмаар байна. Залуучууд л голдуу маскаа зүүгээгүй, тамхи татаж шүлс , нусаа хаяад л явж байгаа харагддаг. Хүний хандлагаас л хамаарна . Жижигхэн, хямдхан учраас түрээс бууруулахгүй гэсэн.

...Зах худалдааны төвүүдээр өдөрт үйлчлүүлдэг хүмүүсийн тоо цаг үеийн байдлаас хамаарч ийнхүү эрс багасчээ. Тэгвэл зарим үйлчилгээний байгууллагуудын хувьд байдал ямар байгаа талаар “Нарантуул” захын дэргэд байрлах “Баялаг-Ундраа” төвийн гурван давхарт өрөө түрээсэлж үс засдаг  Б.Байгалмаагаас тодрууллаа. Тэрбээр, “Гурван сард хүмүүс ер нь бага үйлчлүүлдэг. Ойрдоо өвчин зовлон гээд бүр ч бага байна. Манайхаар захаас юм цуглуулж яваа хүмүүс л үйлчлүүлдэг болохоор зах хүнгүй байвал дагаад хүн багатай болдог. Харин түрээсийн тухайд бууруулах асуудал одоохондоо яриагүй байна” гэсэн юм. Тэгвэл хөл хөдөлгөөн ихтэй гуравдугаар сургуулийн хажуу талын үсчний газруудад ч байдал хүнд байгаа аж. Тухайлбал, “Ану” үсчний эзэн н.Туяа хэлэхдээ “Үнэнийг хэлэхэд бид маш хүнд байдалтай байна. Манай үсчин өмнө нь дөрвөн хүн ажиллуулдаг байсан. Дөрвөн хүн цай уух завгүй ажилладаг байсан бол одоо өдөрт нэгээс хоёр хүн л орж ирж байна. Ажилчдынхаа гурвыг нь амралтын байдалтай байлгаж байгаа. Үнэндээ тэднийг ажиллуулаад цалин олгоод явах ямар ч боломжгүй болсон. Суудал түрээслэдэг үсчдийн хувьд бүр ч хүнд байгаа. Зөвхөн үсчин гэлтгүй  үйлчилгээний газрууд ялгаагүй л хямарч байх шиг байна” нөхцөл байдлаа учирлаж байлаа. 

Бид худалдаа үйлчилгээний төлөөлөл болгож хэдхэн газраар ороход л худалдаа үйлчилгээний салбар  хямралд орлоо гэх олны үг ортой болох нь илтэд харагдах. Хэдий нөхцөл байдал хүнд, орлого тасалдаж, түрээсээ төлж дийлэхгүйд хүрсэн ч түрээслэгчид төрийн шийдвэрийг хүндэтгэж, тэсэж гарахын тулд хичээнэ гэдгээ илэрхийлж байсан юм. 

Х.ТЭНГИС
Д.Жамъяндагва