Үндэсний их баяр наадам удахгүй болох гэж буйтай холбогдуулан хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудлын талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатараас тодрууллаа.
-Хурдан морь унаач хэчнээн хүүхэд байгаа вэ. Тэдний эрхийг хамгаалах чиглэлээр танайхаас ямар ажил хийж байна вэ?
-Бидний авсан судалгаа болон цахим мэдээллийн системд бүртгэлтэй хурдан морь унаач 1500 орчим хүүхэд байна. Эдгээр хүүхдийн 70 орчим хувь нь хүний морь тодорхой хөлсөөр унадаг. Хөлсөөр хурдан морь унаж байгаад унасан, бэртсэн хүүхдийн эмчилгээ үйлчилгээний зардлыг хариуцах эзэн олддоггүй тохиолдол гарсан. Уг нь уралдаанд оролцож байгаа хүүхэд бүр даатгалтай байх ёстой гэсэн хууль эрх зүйн зохицуулалт байдаг. Хурдан морь унаач хүүхдийн даатгагдах хамгийн дээд хэмжээ нь 30 мянган төгрөг бөгөөд үүний нөхөн олговор нь таван сая төгрөг. Уралдааны үеэр мориноос унаж амь насаа алдсан хүүхдийн ар гэр тэр таван сая төгрөгийг авч байгаа. Гэвч энэхүү даатгал нь хүүхэд хүнд гэмтсэн тохиолдолд эмчилгээ үйлчилгээний зардлыг төлөхөд хүрэлцэхгүй байгаа. Шуудхан хэлэхэд, морь унаач хүүхдийн амь насыг тавхан сая төгрөгөөр үнэлдэг тогтолцоо манай улсад үйлчилж байна. Унаач хүүхдийн даатгалыг өөрчлөхөөр даатгалын компаниудтай гурав дахь удаагийн уулзалтыг манай байгууллага хийсэн. Даатгалын компанийн хураамжийн хэмжээг жилд 100 мянган төгрөгт хүргэхээр ярьж байгаа. Ингэснээр нөхөн олговрын хэмжээ 20 сая төгрөг болох бололцоотой. Уралдаанч хүүхдийн даатгал хийдэг 11 компани хураамж нэмэх асуудлыг санал нэгтэйгээр дэмжсэн. Даатгалын хэмжээг нэмэгдүүлэх нь хүүхдийн эрсдэлийг бодитойгоор хамгаалах үйлчилгээ мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ жилийн улсын баяр наадмаас эхлэн хурдан морь унаач хүүхдүүдийг 100 мянган төгрөгөөр даатгаж уралдаанд оролцуулна.
-Зуун мянган төгрөгийн даатгалыг төлөх боломжгүй уяачид байвал яах вэ?
-Зуун мянган төгрөгийн даатгалыг хийлгэж чадахгүй байгаа уяач унаач хүүхэд мориноос унаад бэртэж гэмтсэн тохиолдолд эмчилгээ үйлчилгээнийх зардлыг төлж бүр ч чадахгүй. Хүүхдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах даатгалд 100 мянган төгрөг төлж чадахгүй байгаа хүн морь уяхаа болих хэрэгтэй. Хүүхэд унаад бэртсэн тохиолдолд 100 мянга битгий хэл зардал гарна.
-Унаач хүүхдүүд өөр хүний бичиг баримт ашиглан уралдаанд оролцон хохирсон асуудал гарч байсан. Ийм байдал дахин давтагдахгүй гэх баталгаа байгаа юу?
-Одооноос ийм байдал дахин гарахгүй. Хурдан морь унаач хүүхдүүдийг хурууны хээгээр нь бүртгэж гаргана. Хамгийн гол нь биометрик ашиглаж байгаа учраас энэ байдал таслан зогссон гэж ойлгож болно.
-Хурдан морь унаач хүүхдийн аюулгүйн хамгаалалт, хувцас хэрэглэлд өөрчлөлт орсон уу?
-Уралдаанч хүүхдүүдийн хувцасны стандарт саяхан шинэчлэгдсэн. Энэ жилийн улсын наадамд стандартын бус хувцас хэрэглэлтэй хүүхдүүдийг уралдуулахгүй. Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж гарсан хурдан морины уралдааны дүрэм гэж бий. Дүрэмд заасны дагуу долоогоос дээш насны хүүхэд хурдан морь унаж уралдах ёстой. Бид цахим бүртгэлийн систем нэвтрүүлж унаач хүүхдүүдээ хурууны хээгээр нь бүртгэж байгаа. Тиймээс насны хязгаарлалтад хатуу хяналт тавьж ажиллана. Мөн өнгөрсөн жилээс давуу нь бид технологийн хувьд илүү боловсронгуй болсон. Уралдаанд оролцож байгаа хүүхдүүдийн хурууны хээг бүртгэхээс гадна бүгдэд нь NFC гэсэн төхөөрөмж зүүлгэж байгаа. Хүүхэд уралдаанд гарахаасаа өмнө тухайн төхөөрөмжийг зүүгээд уншигч төхөөрөмжид ойртуулахад бүртгүүлсэн хүүхдийн хувийн мэдээлэл бүгд гарна. Бүртгүүлсэн хүүхэд биш байвал уралдаанд оролцуулахгүй.
-Улсын баяр наадамд танай байгууллагаас хэчнээн хүн хяналт тавин ажиллах вэ?
-Үндэсний их баяр наадмаар Хүй долоон худагт манай байгууллагын ажилтнууд жил болгон очиж ажилладаг. Энэ жилийн хувьд 30-40 орчим хүн ажиллана.
О.ЦЭЦЭГСҮРЭН