ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Төмөрсүх: “Багануур” ХК-ийн хамт олондоо баярлалаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-23

“Амьдрал ямар заавартайгаа ирэх биш дээ. Төдийгөөс өдий хүртэлх амьдралын бүхий л сайн, муу зүйлийг биеэрээ үзэж, туулж ирсэн ч хүнд сөхрөх үе ирдэг юм байна” гэсээр 60 орчим насны намхан бор ах яриа дэвсэж биднийг угтлаа. Түүнийг Цэрэнсамбуугийн Төмөрсүх гэдэг.

Түүний духны атираа, нүдний харцнаас хэрхэн амьдарч ирснийг тодхон харж болохоор. Гэхдээ хэзээ ч бууж өгдөггүй, зовлондоо түүртээд элгээ тэврээд хэвтдэггүй нь алхаа гишгээ болон ярианаас нь илтэд анзаарагдах аж. Өнөөдөр түүнд ямар нэгэн сайхан зүйл тохиолдож, баярласан сэтгэлээ барьж чадахгүй яваа нь харцнаас илтэд мэдрэгдэнэ. Ийнхүү Ц.Төмөрсүх гуайн талаар бодол хэлхэн алхах зуурт тэдний хашаанд хээ хуар болсон өргөө цагаан гэр сүндэрлэж байлаа. Өргөө гэрийг “Багануур” ХК гэсэн хаягтай шар өмсгөл өмссөн залуус барьж байсан бөгөөд “Өрхөө хойш тат, дунд бүсээ сайтар чангалаарай” гэх яриа дуулдана.

Харин эмэгтэйчүүд нь гэрийн хөшиг татахын зэрэгцээ, дотор тавилгыг эмх цэгцэнд нь оруулна. Шинээр гэр бүл болж буй хосуудын амьдрал эхлэх гэж байгаа аятай ажил өрнөж, хөл хөдөлгөөн болж байлаа. Учрыг лавлавал, “Багануур” ХК-ийн хамт олон ахмад уурхайчин Ц.Төмөрсүх гуайд тусалж байгаа энэ ажээ.

Тэрбээр “Хэлж ирдэггүй, хийсч ирдэг” гал түймрийн гамшгаас үүдэн гэр оронгүй болж, ах дүүгийндээ бүтэн дөрвөн сар орчим хоног төөрүүлж байсан аж. Бусдад хүндрэл учруулахгүй байхыг эрхэмлэдэг ч гэлээ ам бүл олууллаа болохоор аргагүй нөхцөл байдалтай олон удаа нүүр тулж байсан аж.

Хэдийгээр гал түймэр гарч, гэр оронгүй үлдсэн ч гэлээ “Эмнэлгийн тусламж яаралтай авч эсэн мэнд, амь бүтэн байгаадаа талархаж яваа”-гаа тэрбээр энэ үеэр илэрхийлж байлаа. Түүнд тохиолдсон зовлон бэрхшээлийн талаар дуулсан хуучин хамт олон болох “Багануур” ХК-иас сэтгэлийн дэм, амьдрах урам зориг хайрлахаар уурхайчдын дунд хүмүүнлэгийн аян өрнүүлсэн байна.

Тэдний тусламж, дэмж­лэ­гээр цугларсан хандиваар ахмад уурхайчин Ц.Төмөрсүх гуайд өргөө цагаан гэр, иж бүрэн тавилгын хамт бэлдэж өгч байгаа нь энэ ажээ. Энэ талаар Багануур ХК-ийн Сан­хүү хөрөнгө оруулалт хариуц­сан дэд захирал Д.Ганзориг “Ахмад уурхайчин Ц.Төмөрсүх ах “Багануур”-ын уурхайд тасралтгүй 15 жил ажилласан. Түүний амьдарч байсан гэр орон гал түймрийн аюулд өртсөн гэдэг харамсалтай мэдээллийг бид сонссон.

Тиймээс манай хамт олны дунд хандивын аян өрнөсөн. Хандивын аянд нийт 1000 орчим уурхайчин хамрагдсан бөгөөд тэднийхээ сэтгэлийн дэм, хөлс хүчээ шингээсэн мөн­гөөр ах­мад уурхайчин Ц.Төмөрсүх ах маань өнөө­дөр /энэ сарын 20-ны өдөр/ иж бүрэн тавилга­тай, өргөө цагаан гэртээ боллоо. Хамт ол­ныхоо сэтгэлийн бэл­гийг гардуулсандаа баяр­тай байна. Ц.Төмөрсүх ахынхаа гэр бүлд эрүүл энх, аз жаргалыг хүсье” гэсэн юм. Мөн “Багануур” ХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд хандив тусламжийн аяныг жилийн жилд өрнүүлдэг байна.

Тус байгууллагын зүгээс “Авахаас илүү, өгөх нь ерөөлтэй” хэмээх уриалгыг дэвшүүлдэг бөгөөд бага, дунд орлоготой айл өрхүүдэд хүмүүнлэгийн аян өрнүүлж, шаардлагатай зүйлээр нь тусламж, дэмжлэг үзүүлдэг ажээ. Түүнээс гадна тус уурхайд ажиллаж, амьдралынхаа гарааг эхлүүлсэн бүхий л хүмүүстэй эргэх холбоотой ажилладаг бөгөөд зайлшгүй тус дэм хэрэгтэй нэгэндээ тэдний зүгээс сэтгэлийн дэм, урам хайрладаг” хэмээн ярьж байлаа. Харин Ц.Төмөрсүх гуайн хувьд 1986 оноос цэргээс ха­лаг­даад Бага­­нуурын уур­хай­­тай хувь заяа­гаа хол­­бо­­жээ. Тэр­­бээр тус уур­­хайн нүүрс анги­лах хэсэгт хуваарилагд­сан бөгөөд 2001 онд үйлдвэрийн осолд орж, хөдөлмөрийн чадвараа алдсан байна.

Тиймээс зовлон, бэрхшээл хоёртоо түүртэж суулгүй, зах зээлээ бараадаж, 2008 онд хүүхдүүдээ оюутан болох үетэй зэрэгцээд Улаанбаатарт суурьшжээ. Бусдаас илүү гарахгүй ч дутах зүйлгүй амьдарч байсан түүний хувьд 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр гэр орон нь гал түймрийн аюулд өртөж, өмсөх хувцасгүй, орох оронгүй хоосон хоцорчээ. 

Тэрбээр “Айшигт зовлонгоос элэг бүтэн үлдсэндээ баярлаж байгаа бөгөөд “Амьд явбал алтан аяганаас ч ус ууна” гэгчийн адилаар алтан уурхайн хамт олныхоо дэмжлэгээр иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэртээ болсондоо хөл хөөрцөг болж яваагаа дуулгаж байлаа. Ач зээ нараа тойруулан эрхэлж, амар амгалан, айх зовлонгүй байх шиг сайхан зүйл үгүй. Энэ нь миний хувьд дээдийн жаргал. Эрүүл саруул, элэг бүтэн байвал бүгдийг бий болгоно. Уурхайн хамт олондоо баярлалаа. Ядарч явахад хүний чанар танигддаг юм байна. Та нартаа баярлаад баршгүй нь” хэмээн хэлэхийн зэрэгцээ баярын нулимс унагаж байлаа. Түүнчлэн дэлхий нийтээр тархсан цар тахлын үед нэгэндээ тусламж, дэмжлэг үзүүлж, гэр оронтой болгох нь бай­ту­гай амны хаалтгүй нэг­нээс жийрхэж яваа энэ цөвүүн цагт “Багануур”-ын уур­хайн хамт олны сэтгэлийн хандив сонин бас содон байсан юм.