"Covid-19" буюу шинэ төрлийн коронавирусээс шалтгаалан Улсын онцгой комисс, Засгийн газраас хурал цуглаан, баяр ёслолыг хориглоод байгаа билээ. Тийм ч учраас ирэх зургадугаар сард болох сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө батлах байсан улс төрийн намуудын хурал цуцлагдаж, онлайнаар зохион байгуулах шийдэлд хүрсэн юм. МАН-ын тухайд өнөөдөр Бага хурлаа онлайн хэлбэрээр зохион байгуулж байгаа аж. Ингэхдээ гишүүд нь гэр гэрээсээ оролцоно гэсэн үг биш. Харин дүүрэг, аймаг, сумынхаа намын хороодод Бага хуралд сонгогдсон төлөөлөгчид нь цуглаж, онлайнаар төв намтайгаа холбогдож, санал бодлоо хэлж байна. Энэ сарын 25 гэхэд мөрийн хөтөлбөрөө батлах учраас ийнхүү шуурхай хуралджээ. Тухайлбал, НАМЭХ-ны төлөөлөгчид нэг өрөөнд, НАМЗХ-ны төлөөлөгчид нэг өрөөнд, Чингэлтэй дүүргийн МАН-ынхан нэг өрөөнд гэх мэтээр 5-10-уулаа цуглаж онлайн хуралд оролцож байгаа аж.
Цахим хэлбэрээр явуулж буй тавдугаар Бага хурлыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ удирдан чиглүүлж байгаа бөгөөд хот, хөдөөгийн 38 газраас шууд холбогдож байгаа гэв. Намын Бага хурлын ирц 80 гаруй хувьтай байгаа бөгөөд мөрийн хөтөлбөрөө эцэслэн танилцуулж, санал солилцож эхэллээ. Тухайлбал, МАН-ын мөрийн хөтөлбөрт “Импортлогч улсаас экспортлогч улс" болох зорилт дэвшүүлжээ.
Ингэхдээ “Монгол малчин”, “Монгол мал-2” гэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр 10 сая толгой малын түүхий эдийг боловсруулах “Дарханы аж үйлдвэрийн цогцолбор”, 150.000 тонн махны экспорт, оёмол сүлжмэл бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ гэж үзжээ. Мөн газар тариалангийн чиглэлд “Атрын-IV” аяныг хэрэгжүүлэхээс гадна, залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орсон тохиолдолд цемент, арматурыг тэглээд, төрийн орон сууцны корпорацыг оролцуулаад, зах зээлийн үнэлгээг бууруулах том хөтөлбөр багтжээ.
“МАН-ын хувьд эрүүл мэнд, боловсролын асуудал анхаарал татсан хоёр чухал багана гэж ойлгож болно. Эрүүл мэндийн салбарт оношилгоог нэгдсэн стандартад оруулах том зорилт дэвшүүлж байгаа. Тодруулбал, иргэн жилд нэг удаа заавал оношилгоо хийлгэж хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болох гэх мэт. Боловсролын хувьд тогтолцооны реформууд хийхээр байна. Төвлөрлийг сааруулах том цогц бодлого орж байна” хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.