Улсын онцгой комиссын Шуурхай штаб гадаад улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шат дараатай илгээхээр болсон. Ингэхдээ, дөрөвдүгээр сарын 02-нд 08:00 цагт БНСУ руу дараагийн ээлжийн тусгай үүргийн онгоц илгээнэ. Харин 03-нд Япон улс руу, 04-нд 08:30 цагт БНСУ руу тусгай үүргийн онгоц илгээх аж. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Т.Бадралаас тодрууллаа.
-Ирэх сарын 01-ний өдөр илгээх тусгай үүргийн онгоцоор хэчнээн иргэн эх орондоо ирэх вэ. Мөн зарим улс манай улсаас иргэдээ татаж авахаар болсон байна?
-4805 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ дипломат төлөөлөгчийн газруудад гаргасан байна. Олон улсын хэмжээнд 100 гаруй улс иргэдээ бусад улс орноос татан авч байна. Манайх ч мөн адил. Австрали улсын Засгийн газраас ирүүлсэн хүсэлтээр өнөөдөр манайхаас зургаан иргэнээ эх орондоо татах ажлыг зохион байгууллаа. Мөн БНСУ хүсэлтээ гарган бямба, ням гарагуудад 200 орчим солонгос иргэнийг татан авахаар болсон. Бид гурван удаагийн тусгай нислэгээр 750 гаруй иргэнийг эх оронд нь авчрах боломжтой гэж үзэж байна.
-Монгол иргэд тухайн байгаа улсдаа шинжилгээнд хамрагдах боломжтой юу. Хэрвээ шинжилгээний хариу нь эерэг гарвал яах вэ?
-Тухайн иргэнээнс ямар нэгэн шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр хариу нь эерэг буюу коронавирусийн халдвартай гэж гарсан тохиолдолд онгоцонд суулгахгүй. Тухайн улс оронтой олон улсын хамтын ажиллагааны байгууллагын өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Тиймээс хүлээсэн үүргийнхээ дагуу иргэнийг эмчилгээнд авч үлдэнэ.
-Тусгай үүргийн нислэгээр Монголоос зарим орон руу явах хүсэлтэй иргэдэд ямар шаардлага тавих вэ. Иргэд юуг анхаарах ёстой вэ?
-Солонгос руу явахаар 300 гаруй иргэн хүсэлтээ ирүүлээд байна. Гол хэлж байгаа зүйл нь вирусийн халдвар намдаж, олон улсын нислэгүүд хэвийн горимд ортол тэднийг эргүүлж авахгүй. Тэр хүн өөрөө эрсдэлээ үүрэх ёстой.
-Дөрөвдүгээр сараас нисэх тусгай үүргийн онгоцоор ямар хүмүүсийг авах вэ. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт юуг хамруулж байгаа бол?
-Маш олон шалтгаантай иргэд бий. Гэхдээ тэднээс ахмад настан, эмчилгээ хийлгэсэн, жирэмсэн зэрэг иргэдээ хамгийн түрүүнд авахаар төлөвлөсөн.
-Герман, Туркээс иргэдээ авахгүй гэлээ. Яагаад ийм шийдвэр хүрсэн юм бол. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Турк улс онгоц хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн учраас нислэгийг зогсоогоод байна. Харин Берлин хот руу манайх шууд нислэг үйлддэг ч Берлин нислэг хүлээж авахаа зогсоосон. Франкфурт руу онгоц явуулж болох ч хүндрэл их байна гэж үзсэн тул энэ удаад Турк, Герман руу тусгай үүргийн онгоц илгээх шийдвэр гаргаагүй юм.
-Тусгаарлах байрны төлбөрт өөрчлөлт орох уу. Мөн тусгаарлах хугацааг өөрчлөх үү?
-Гаднаас ирж буй хүмүүсийг өөрийнх нь зардлаар тусгаарлах нь олон улсад хэрэгжүүлж байгаа туршлага шүү дээ. Өмнөх таван удаагийн нислэгээр ирсэн иргэдээ хотын төвийн зочид буудлуудад тусгаарласан бол дараагийн гурван удаагийн нислэгээр ирэх иргэдийг хотоос зайдуу амралт, сувиллын газарт тусгаарлахаар болсон. Төлбөрийн хувьд нэмэгдэхгүй, 50 мянган төгрөг хэвээрээ. Тусгай үүргийн онгоцоор Монголдоо ирэх иргэд эрсдэлтэй учраас тусгаарлах хугацааг сунгана. Тухайлбал, Туркээс ирсэн иргэнээс найм хоногийн дараа халдвар илэрлээ. Тэгэхээр эрсдэл хэзээд байгаа учраас тусгаарлах хугацааг хэд хоногоор сунгах эсэхийг өнөөдрийн /өчигдөр/ Улсын онцгой комиссын хуралдаанаар шийднэ. Үүнээс гадна иргэд тусгаарлах байрнаас гараад гэртээ өөрийгөө тусгаарлах ёстой. ОХУ-ын ерөнхийлөгч В.И.Путин өчигдөр буюу лхагва гарагт иргэддээ хандаж “Гэрийн хорионд байгаа иргэн танд гэртээ 14 хоног байх эсвэл Эрүүгийн хуулиар таван жил хоригдох гэх хоёр сонголт байна. Алийг нь сонгохоо та өөрөө шийднэ үү” гэсэн хүчтэй мэдэгдэл хийсэн байсан. Манай улс ч мөн хуультай улс. Гэртээ өөрийгөө тусгаарлах иргэдэд ч ийм сонголт байгааг хэлэхээс аргагүй.