Монгол Улсад зөөвөрлөгдөж орж ирсэн коронавирусийн тохиолдол ням гарагийн байдлаар 12 боллоо. Өчигдөр буюу ням гарагт бүртгэгдсэн тохиолдол Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс илэрсэн юм. Тэгвэл коронавирусийн халдвар манай улсад ямар шинж тэмдгээр илэрч байгаа болон бусад цаг үеийн асуудлаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа.
-Дэлхий дахиныг харж байхад орон бүрт өөр болж, өдрөөс өдөрт эмнэлзүйн шинж тэмдэг нь өөрчлөгдөж байна. Манай улсад бүртгэгдсэн 12 тохиолдлын эмнэлзүйн шинж тэмдэгт ямар өвөрмөц зүйл ажиглагдсан бэ?
-Тусгай үүргийн онгоцоор ирсэн 1000 гаруй зорчигчдыг бүгдийг нь хяналтад авч, тусгаарласан. ХӨСҮТ-д батлагдсан 12 тохиолдлын эмнэлзүй, тархвар зүйн бүх тандалт судалгааны дүгнэлтийг гаргаж эхлээд байгаа. Ирсэн зорчигчид хаагуур явсан, хаанаас халдвар авсан байж болох, хэд хонож тухайн хүний шинж тэмдэг илэрч байна вэ гэдэг нарийн судалгааг гаргадаг. Ингээд харахад 12 хүний зарим нь нэг, хоёр хоногийн дараа, зарим нь 10 гаруй хоногийн дараа шинж тэмдэг илрэх байдал ажиглагдлаа. Эдгээр хүмүүст илэрч буй гол шинж тэмдэг нь ихэвчлэн хамар битүүрэх, хамар загатнах, толгой өвдөх, бие сульдаж ядрах, зарим нь хоолой өвдөж, бие арзайх, дотор муухайрах гэсэн шинж тэмдэг илэрч байгаа. Манай улсын хувьд халуурах нь эхний шинж тэмдэг биш гэдэг нь ажиглагдсан. Тэгээд 2-3 хоногийн дараа 37, 38 хүртэхтэй үгүйтэй халуурч байна. Хамар загатнаж, битүүрэхэд харшил хөдөлсөн мэтээр ойлголж, шинж тэмдгээ анзаарахгүй байгаа.
-Өвчтөний клиникийн явц ямар байгаа вэ?
-Иргэд хөнгөн хэлбэрийн ханиадыг өөрсдөө гэрийн аргаар эмчилдэг, дур мэдэн эм ууснаасаа болж хүндрүүлэх эрсдэл гарах вий гэсэн болгоомжлол бий. Өвчилсөн өвчлөлийн клиникийн явц их удаан байгаа нь ажиглагдсан. Бараг нэг сар орчим эмчийн хяналтад байх шаардлагатай. Хүн эмнэлзүйн шинж тэмдэгтэй байх хугацаандаа халдварыг тараадаг. Тиймээс бидний ажиглалт, тандалтын хугацаа цаад тал нь сар болж байгаа учраас ажиглалтын хугацааг 21 хоног болгож байгааг халдвар судлаач хүний хувьд зөв гэж үзсэн. Бусад Улаан-Үүд, Баян-Өлгийн боомтуудаар орж ирж буй иргэд дээрх шиг хөнгөн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй. Мөн гадагшаа явсан иргэдтэй уулзсан иргэдэд иймэрхүү шинж тэмдэг илэрвэл мөн л эмнэлгийн байгууллагад хандаж, өөрийгөө тусгаарлаарай гэж хэлье.
-Дэлхийн улс орнуудад шинж тэмдэг өвөрмөц байгааг хэлсэн. Тухайлбал, Япон улсад гарсан судалгааны материалыг харахад хамар нь битүүрч, амтлах, үнэрлэх чадвар нь алдагдаж байна гэсэн судалгаа байсан шүү дээ. Мөн Буриад улсад 14 хоногийн дараа шинж тэмдэг илэрлээ. Манай улсад илэрч буй тохиолдол хэддэх шинжилгээгээр илэрсэн бэ?
-Бид хүмүүсээ тусгаарлалтад авмагцаа шинжилгээ авдаггүй, эхлээд ажигладаг. Алийг нь илүү ажиглах, алийг нь хэд хоногийн дараа авах вэ гэх мэтчилэн халдвар судлалын нарийн тандалт судалгааг үндэслэдэг. Саяны шинжилгээ авсан хүмүүс нууц үеийн төгсгөл, эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн илрэх үед нь олж чадсан. Энэ нь тухайн хүний цаашдын өвчний явцад ач холбогдолтой. Гэхдээ зүгээр байна гэхгүйгээр, давтан шинжилгээгээр шинжилж, эрсдэлтэй бүлгээ олж байгаа гэсэн үг.
-Иргэд тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүс тусгаарлагдсан юм чинь бид зүгээр гэж ойлгож болохгүй нь байна шүү дээ. Энэ талаар иргэдэд зөвлөмж өгөөч?
-Хөнгөн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд монголчууд хэзээ ч эмнэлэгт ханддаггүй учраас алдчихвий гэсэн үүднээс онцгой анхааруулж байгаа. Хаврын улиралд хамрын ханиад, энгийн ханиад тогтмол тохиолддог шүү дээ. Түүнээс гадна өөрсдийнхөө боломжоор томуугийн тандалтын тогтолцоогоор томуугийн 150 гаруй нэгжээс хот хөдөөгүй ханиадтай тохиолдлын тодорхойлолтод тохирсон өвчтөнөөс шинжилгээ давхар авч буй. Одоогоор коронавирус эх орондоо байсан хүмүүсээс илрээгүй. Тиймээс гадагшаа явсан хүмүүс сэрэмжлүүлэг, мэдээллээ сайн өгч халдвараас урьдчилан сэргийлж 21 хоногоос сар орчим өөрийгөө тандах хэрэгтэй. ХӨСҮТ-д ажилладаг 119, 103, 108, 80086829 гэсэн утаснуудаас зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Нөгөө талаас тохиолдлын тоо нэмэгдлээ гээд айх хэрэггүй. Үндсэндээ хяналтдаа авах ёстой хүмүүсээ аваад, илрүүлэхийг нь илрүүлж чадсан. Давхар хяналт, тандалт үргэлжлээд явна.
-Халдвар илэрсэн 12 өвчтөний биеийн байдал ямар байгаа вэ?
-Шинж тэмдэг илрээгүй, шинж тэмдэг илрэх нууц үед нь барьж авсан учраас тогтвортой байна. Ирсэн хүмүүс хатгаа болж хүндрэх явдал байдаг. Уушгийг маш их барьдаг юм билээ. Өмнө нь ирсэн хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байсан бол тогтвортой болж эхэлсэн.
-АНУ, Испани улсуудыг харахад эмнэлгийн ор нь хүрэлцэхгүй хүндрэлтэй байна. Нэг хэвтсэн өвчтөн 6-7 долоо хоногийн дараа гарч байна. Ямар ч өндөр хөгжилтэй орнуудад орны хүрэлцээгүй, эмнэлгийн ачаалал ихэслээ. Эрүүл мэндийн салбар нь хүчин мөхөсдөж байгаа нь ажиглагдаж байна?
-Бид бэлэн байдлаа хангахад орны нөөцөө бэлтгэх талаар анхаарахгүй бол болохгүй. Нэг өвчтөн сар гаруй эмчлүүлнэ. Мөн гурван удаагийн эмчилгээгээр сөрөг буюу коронавирус илрээгүй үед тухайн хүнийг эмнэлгээс гаргана. Тэгэхээр нэг өвчтөний ор хоног бараг хоёр сар орчим үргэлжлэхээр байна. Цаашид орны нөөцийг бэлтгэх, эмнэлгүүдийг бэлэн байлгахад анхаарах хэрэгтэй болсон.