ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Баясгалан: Таргалалттай хүмүүсийн дундаж наслалт 7-12 жилээр бага байдаг

O.Admin
2018-06-27

Сүүлийн жилүүдэд таргалалт ниймгийн хурц асуудлын нэг болоод байгаа. Тиймээс таргалалтаас үүсэх өвчин эмгэгүүд, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан, Анагаах ухааны доктор Ж.Баясгалангаас тодрууллаа.

-Монголчуудын хүн амын дунд хийсэн сүүлийн судал­гаагаар хэдэн хувь нь таргалалттай гарсан бэ?

-Жил ирэх тусам хүн амын хоол тэжээлийн байдал өөрчлөгдөж, улмаар таргалалт биеийн жингийн илүүдэлтэй хүмүүсийн эзлэх хувь өсч буй харагдаж байна. 2017 оны судалгаагаар тав  хүртэлх насны хүүхдүүдийн 11.7 хувь, 6-11 насны хүүхдүүдийн 28.6 хувь, 15-49 насны эмэгтэйчүүдийн 46 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдийн 49 хувь нь таргалалттай гэсэн дүн гарсан.  

-Таргалалтаас үүдэл­тэй­гээр ямар өвчин, хор уршиг үүсдэг вэ?

-Чихрийн шижин, цусны даралт ихсэх, тархинд цус харвах, судас хатуурах, зүрхний шигдээс, элэг өөхлөх, элэг хатуурах, ясны сийрэгжилт, цөс чулуужих, нойр булчирхайн үрэвсэл, ходоод сунах, шархлах, бодисын солилцооны хам шинж, хавдар гэх мэт маш олон өвчний шалтгаан нь таргалалт болдог. Таргалалттай хүмүүс чихрийн шижин өвчнөөр өвчлөмтгий байдаг. Уг өвчин хүндрэхээрээ нүдний хараа муудах, сохрох, бөөрний дутагдалд орох, хөлийн судасны нарийсал, хөлөө тайруулах зэргээр хөдөлмөрийн чадвараа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэргээр эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санааны маш их хохирол амсаж байна.

-Эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр өөр байдлаар таргалдаг гэж сонссон. Энэ нь юунаас болдог вэ?

-Эр, эм хүмүүсийн физиологийн онцлог, биеийн галбиртай холбоотойгоор дийлэнх хүмүүст өөхний тархалт хоёр янзын хэлбэрээр илэрдэг. Эрэгтэй хүмүүс алим хэлбэрийн таргалалттай байдаг. Өөрөөр хэлбэл хэвлийн болон төвийн таргалалт ихтэй байдаг. Өөхний үндсэн хуримтлал нь хэвлий, хэвлийн урд хана, их бие, нүүр, хүзүү хэсгээр байрладаг бол эмэгтэйчүүд лийр хэлбэрээр таргалдаг. Эмэгтэйчүүдийн гуя, өгзөгний хэсэгт өөх илүү хуримтлагддаг гэсэн үг.

-Таргалалтаас үр дүнтэй­гээр урьдчилан сэргий­лэхийн тулд яах ёстой вэ?

-Хөдөлгөөний хомсдолд орохоос сэргийлж биеийн тамир, спортоор хичээллэх, идэвхтэй амьдралын дадал хэвшилд орох ёстой. Телевиз үзэх, компьютерийн ард удаан хугацаагаар суухыг хязгаарлах, цахилгаан шат хэрэглэхгүй байх, биеийн жингээ тогтмол хэмжиж, хянадаг дадлыг хэвшүүлэх шаардлагатай.

-Жингийн илүүдлээс болж амь насаа алдах тохиолдол байдаг уу?

-Таргалалтаас болж шууд нас барах нь ховор боловч таргалалтын улмаас үүсэх өвчний хүндрэлээр нас барах тохиолдол их байна. ДЭМБ-ын судалгаагаар биеийн жин 10 хувиар нэмэгдэхэд эрэгтэйчүүдийн 11 хувь, эмэгтэйчүүдийн долоон хувьд нас баралт нэмэгддэг. Таргалалттай хүмүүсийн нас баралтыг эрүүл хүмүүстэй харьцуулахад тархинд цус харвалт дөрөв дахин их, зүрхний шигдээсээр нас баралт тав дахин их байна. Иймээс илүүдэл жин таргалалттай хүмүүсийн дундаж наслалт 7-12 жилээр бага байдаг нь тогтоогдсон.