Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийг аль болох эмнэлэгт очихгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж буй. Тэгвэл хөл хорио тогтоосон энэ үед эмэгтэйчүүд жирэмсэн үедээ болон төрсний дараа юуг анхаарах талаар ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулгаас тодрууллаа.
-Жирэмсэн эмэгтэйчүүдэд өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулан зөвлөгөө, мэдээлэл өгөөч. Тэд юуг анхаарах ёстой вэ?
-Ер нь жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон 60-аас дээш насныхан, бага насны хүүхдүүдийг эрсдэлтэй бүлэгт авч үздэг. Жирэмсний үеийн тусламж үйлчилгээнд коронавирусийн тусламж үйлчилгээ тийм ч их өөрчлөлт оруулаагүй ч шинж тэмдэг өгсөн, эргэлзээтэй, баталгаажсан үед зохих дүрэм журмын дагуу тусламж үйлчилгээг үзүүлэх учиртай. Хамгийн түрүүнд сэтгэлзүйн бэлэн байдал чухал. Жирэмслэлтийн үед сэтгэлзүйн өөрчлөлт ихтэй байдаг учир аль болох тайван байх ёстой. Нөгөө талаас жирэмсний онцлог шинж тэмдэг бий. Тухайлбал, жирэмсний эхэн үед дотор муухайрах, хоолонд дургүй болох, үнэрт мэдрэг болох зэрэг шинж тэмдэг илүү илэрдэг. Тийм учраас илэрч буй шинж тэмдгийг аль болох дарах хэрэгтэй. Коронавирусийн үндсэн халдвар хамгааллын дэглэм болох ариун цэврийн дэглэмийг сайтар хангах ёстой юм. Тухайлбал, гараа сайн угаах, аль болох гадуур гарахгүй байх, зайлшгүй шалтгаанаар хүнтэй уулзах, эмчид үзүүлэхээр бол 1-2 метрийн зайнаас харьцахыг зөвлөе.
-Жирэмсний явцад өөрчлөлт, хүндрэл гарвал яах вэ?
-Гол анхаарах ёстой зүйл нь жирэмсний явцад өөрчлөлт гарсан эсэх, хүндрэл өгч байна уу гэдгийн давхар анзаарах. Тухайлбал, доошоо цус гарах, хэвлийгээр өвдөх, шээсний гарц муудах, хавагнах, даралт ихсэх гэх мэтчилэн өвдөлт мэдрэгдвэл хяналтын эмчтэйгээ холбогдож зөвлөгөө аваарай. Нөгөө талаас цахимаар холбогдож зөвлөгөөгөө бүрэн гүйцэд авсны дараа эмнэлэгт хандах хэрэгтэй. Түргэн тусламж дуудахаар бол аль эмнэлэгт хандах, эмнэлгийн бэлтгэл ажлыг өөрийнхөө хэмжээнд бэлдсэн байх хэрэгтэй. Жирэмсний хожуу хугацаанд их хэмжээний цус алдах нь амь насанд эрсдэлтэй. Ялангуяа ураг эсхүл ээжийн эрүүл мэнд, амь насанд аюултай байдаг тул энэ талаар зөвлөгөөг цаг тухайд авч байх нь зүйтэй юм.
-Жирэмсний үед шинжилгээ их өгдөг шүү дээ?
-Үүнийг анхаарахгүй бол болохгүй. Жирэмсний онцлогоос хамаараад ачаалал өгч байгаатай холбогдуулан бие эрхтний архаг хууч өвчнүүд сэдэрдэг. Үүнтэй холбоотой андуурагддаг зүйл их бий. Ялангуяа амьсгалын замын халдвар болох сүрьеэ, архаг бронхитийн үед ижил шинж тэмдэг илэрдэг тул эмэгтэйчүүд анхаарч, хяналтын эмчийнхээ зөвлөгөөг дагах хэрэгтэй. Хэрвээ нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах хэрэг гарвал эх барих эмэгтэйчүүдийн эмч болон тухайн чиглэлийн хүндрэл гарсан эмчийн зөвлөгөөг авна. Тэгэхээр гарсан шинжилгээний өөрчлөлт, хариуг бүрэн гүйцэд эмчдээ хэлснээр цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломжтой.
-Төрсний дараах үед хэрхэн анхаарах вэ?
-Хэдий төрөлт хэвийн явагдаж, нярайн биеийн байдал хэвийн байгаа боловч гарч буй шавхрагын хэмжээ, өнгө, үнэр өөрчлөгдөх, умайн агшилт явагдаж буйтай холбоотой хэвлийгээр бага зэрэг хатуурч, зангирч өвдөх шинж тэмдэг илэрдэг. Үүнтэй холбоотойгоор эмэгтэйчүүд гарч буй шавхрага өөрчлөгдөж байгаа эсэхийг хяналтын эмчдээ мэдээлэх нь зүйтэй. Нөгөө талаас хөхний арчилгаанд анхаарал хандуулах ёстой. Хөх уургаараа зангирвал өндөр халуурдаг. Нөгөө талаас хийсвэр хагалгааны үед шарх хоёрдогчоор хувилдаг. Энэ халууралттай коронавирусийн үеийн шинж тэмдэгтэй андуурч болзошгүй. Ер нь төрсний дараа биеийн эсэргүүцэл буурдаг тул халдвар, голомтыг аль болох эрт илрүүлж, шаардлагатай эмчилээг эрт хийлгээрэй. Хөхүүлэх үедээ ээж нар байнга гараа угаах, ямар нэгэн зүйлд хүрсэн тохиолдолд савангаар сайтар угаахаас гадна хөхийг арчлах, угаах, хөхүүлэхээсээ өмнө хүүхдээ бэлдэх шаардлагатай.