ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Эрдэнэцэцэг: Баяр наадмаар 705 аж ахуйн нэгжид худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоно

O.Admin
2018-07-02

Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт маш олон иргэн, аж ахуйн нэгжүүд хоол үйлдвэрлэл болон бусад үйлчилгээг үзүүлдэг. Тэдгээр  иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьж ажилладаг талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэгээс тодрууллаа.

-Энэ жилийн улсын баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэх хэчнээн зөвшөөрөл олгох вэ?

-Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ зохион байгуулах, хяналт тавих тухай” удирдамжийг батал­сан. Удирдамжийн да­гуу УБЗАА-наас холбогдох мэргэжлийн байгууллагууд тухайлбал, НМХГ, НЦГ, НОБГ, дүүргүүдийн ЗДТГ, “Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит үйлдвэрийн газартай хамтран бэлтгэл ажлыг хийж байна. Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 160 аж ахуйн нэгж, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд 350 аж ахуй нэгжид худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг 50 цэгт зөвшөөрөл олгоно. Мөн Хүй долоон худгийн соёл урлагийн талбайд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдааны 50 цэг, хөдөлгөөнт тоглоомын 40, кофе шопын таван зөвшөөрөл олгоно.

-Хоол үйлдвэрлэл, үйлчил­гээний зөвшөөрлийг хаанаас хэрхэн олгодог вэ?

-Төв цэнгэлдэх хүрээлэнд Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн ЗДТГ, Хүй долоон худагт Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ  худалдаа үйлчилгээ эрх­лэх аж ахуй нэгж, иргэдийн хүсэлтийг зургадугаар сарын 13-27-ны өдрүүдэд хүлээн авч сонгон шалгаруулахад бэлэн болсон байгаа. Сонгон шалгаруулалтыг дүүрэгт Хүнс, худалдаа, үйлчилгээний даргаар ахлуулсан мэргэжлийн бай­гууллагууд явуулж, шал­гар­сан аж ахуй нэгжүүдийн нэр­сийн жагсаалтыг долдугаар сарын 02-ны өдөр хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. 

-Зөвшөөрөл хэдэн төгрө­гөөр олгодог вэ? 

-Хүй долоон худагт 15 мянга, Төв цэнгэлдэх хүрээлэнд 20 мянган төгрөгөөр зөвшөөрөл олгодог. Зөвшөөрлийн үнэ сүүлийн хэдэн жил нэмэгдээгүй тогтвортой байгаа.

-Худалдаа үйлчилгээ эрх­лэх цэгүүдийн эрүүл ахуйн баталгааг хэрхэн хангадаг вэ?

-Хоол үйлдвэрлэл, хуушуу­рын үйлчилгээнд онцгой шаард­лага тавьж байгаа. Стан­дар­тын шаардлага ханга­сан гал тогоо, тоног тө­хөө­рөмж, багаж хэрэгсэл, мэр­гэж­лийн ажиллагсадтай аж ахуй нэгжүүдийн хүсэлтийг хүлээж авсан. Хоолны үйлчилгээ явуулах цэгт гар угаах нөхцөлийг бүрдүүлсэн угаалтууртай, гар ариутгах бодис, нойтон хуурай алчуурыг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэсэн байх, өдөр бүр хоолны дээж авч тэмдэглэл хөтлөх, асарт гал унтраах хэрэгсэл болон галын хор байршуулсан байх, хүнсний бүтээгдэхүүн түүхий эдийг горимын дагуу хадгалах, технологийн дагуу боловсруулах, худалдах, үйлч­лэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэгт анхаарч ажиллаж байна.

-Өнгөрсөн жил хуушуурын цэгийн газ дэлбэрсэн. Энэ жил ийм зөрчил гаргахгүйн тулд хэрхэн хяналт тавьж байгаа вэ?

-Энэ талаар НМХГ, НОБГ хяналт тавьж ажиллаж байгаа. Худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө авсан аж ахуй нэгж, иргэдэд долдугаар сарын 6-ны өдөр дүүрэг бүрт нэгдсэн семинар зохион байгуулж, холбогдох чиглэлээр зөвлөгөө өгнө. Асар, гэр баригдсан үед НОБГ-ын мэргэжилтнүүд аюулгүй ажиллагаанд нь шалгалт хийдэг.