Сүүлийн жилүүдэд эмэнд тэсвэртэй нянгийн тархалт хурдсаж байгаа нь дэлхий нийтийн толгойны өвчин болоод байгаа аж. Нянгийн тэсвэржилт ихсэж байгаа шалтгаан, мөн хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Анхмаагаас тодрууллаа.
-Эмэнд тэсвэртэй нян их болсноор нийгмийн эрүүл мэндэд ямар хор хөнөөл үзүүлэх вэ?
-Дэлхийд жил бүр 480 мянган хүн олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнөөр өвчилж байна. Тэр байтугай, нянгийн тэсвэржилт нь дархлалын олдмол хомсдол болон хумхаа өвчинтэй тэмцэхэд саад болж эхэлсэн. Нянгийн эсрэг эм, бэлдмэлүүдийн зохисгүй, хэт их хэрэглээ нь нянгийн тэсвэржилтийг хурдасгаж байна. Нян, бичил биетнүүд цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж, эмэнд тэсвэртэй болж байна. Нянгийн тэсвэржилт тэлснээр хүн төрөлхтөн түгээмэл гардаг халдварт өвчнүүдийг эмчилж чадахаа болих, өвчний эдгэрэх хугацаа уртсах, хөгжлийн бэрхшээлтэй болох, амь насаа алдах аюул нүүрлэнэ. Нянгийн эсрэг үйлдэлтэй, өндөр үр дүнтэй эмгүйгээр бид мэс засал хийх, эрхтэн шилжүүлэн суулгах, хавдрын үеийн химийн эмчилгээ, чихрийн шижин өвчний эмчилгээг хийхэд маш их эрсдэлтэй болно. Мөн халдварт өвчний эмчилгээний хугацаа уртсаж, илүү хүчтэй эмийг өндөр тунгаар хэрэглэх шаардлага гарах учраас эмнэлгийн тусламж үйлчилгээний үнэ, хөлс ч нэмэгдэнэ.
-Нянгийн тэсвэржилт хурдсаж, тархаж байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Нянгийн эсрэг эмийн тэсвэржилт генийн төвшинд байгалийн жамаараа удаан хугацаанд явагддаг. Харин нянгийн эсрэг эмийн бэлдмэлүүдийн зохисгүй, хэт их хэрэглэх нь энэ үйл явцыг хурдасгаж байна. Антибиотикийг хүн, амьтны эмчилгээнд мэргэжлийн эмчийн заавар, хяналтгүйгээр буруу хэрэглэдэг явдал түгээмэл байгаа. Тухайлбал, вирусийн гаралтай ханиад, томуу өвчний үед хэрэглэх, мал аж ахуйн салбарт малын өсөлт, үржлийг дэмжих зорилгоор хэрэглэж байна.
-Сүүлийн жилүүдэд эмэнд дасалтай ямар нянгууд түгээмэл байгаа вэ? Тэдгээр нянгууд хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байна?
-Klebsiella pneumoniae гэдэсний бактериуд Карбапенемийн бүлгийн антибиотикт тэсвэртэй болсон. Энэ нь уушгины үрэвсэл, нярайн халдвар, эрчимт эмчилгээний тасгийн өвчтөнүүдийн халдвар зэрэг эмнэлгийн дотоод халдвар үүсэх шалтгаан болж байна. Эмнэлгийн дотоод халдварын гол үүсгэгч болох Staphylococcus aureus-ийн тэсвэржилт улам газар авч байгаа. Судалгааны дүнгээс үзэхэд эмэнд дасалгүй стафилококкын халдвартай өвчтөнтэй харьцуулахад метициллинд тэсвэртэй халдвартай өвчтөний нас барах магадлал 64 хувиар илүү гарсан. Сүүлийн үед зарим улсад колистинд тэсвэртэй байх тохиолдлууд гарч байгаа нь энэ төрлийн халдварт өвчнийг эмчлэгддэггүй өвчний тоонд оруулж байгаа юм.
-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Нянгийн эсрэг эмэнд тэсвэржилт үүсэх нь олон хүчил зүйлсээс шалтгаалдаг, нийгэм, хүн амд хамааралтай асуудал л даа. Нянгийн тэсвэржилтийн тархалт, хөгжлийг сааруулж, тэмцэхийн тулд нянгийн эсрэг эмийн чанар, аюулгүй байдлыг хангах, нянгийн эсрэг эмийн хэрэглээг зохистой болгох, мөн иргэд, эмнэлгийн мэргэжилтний нянгийн тэсвэржилтийн талаарх ойлголт, мэдлэг, хандлагын дээшлүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх шаардлагатай.
О.Цэцэгсүрэн