ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Хаянхярваа: Алт цэвэршүүлэх үйлдвэрийг шуудхан хэлэхэд ашиггүй гэж үзсэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-10-30

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монгол, Орос, Хятад гурван улсыг холбох хийн хоолойг барих төсөл урагштай явж байна. Компаниа байгуулаад танай мэдэлд өгчихсөн юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

-Хийн хоолойн компани байгуулагдаж, Оросын талтай хамтран ажиллаж байгаа. Ойрын үед Газпромын Дэд ерөнхийлөгч Монголд ирж маршрутаа үзэж, харах төлөвлөгөөтэй байсан ч цар тахлаас шалтгаалан хойшилж байгаа асуудал бий. Бидний хувьд байнга уулзалт хийж, төслийг урагшлуулахын төлөө ажиллаж байна.

-Сая төгрөгийн бонд хэрхэн мөнгөжих вэ гэдэг асуудал бий. Тавдугаар сарын 21-нд мөнгөжихөд бэлэн үү?

-“Эрдэнэс силвер” ХХК-д энэ үйл ажиллагаа явагдаж байна. Саяхан очиж танилцсан. Салхитын мөнгөний ордын баяжуулах үйлдвэрийн нэг үйлдвэр нь ажиллаж байгаа. 300-гийн хоёр шугам тавиад хоёр үйлдвэрээ өртөтгөх үйл ажиллагаа явуулж байна. Ирэх жилийн таван сар гэхэд 220 тэрбум төгрөг бий болгож, ахмадуудад өгөхөөр ажиллаж байгаа юм билээ.

Баяжуулах үйлдвэрээ ондоо багтааж оруулаад, гурван үйлдвэрийн хоёр нь 600 мянган тонн баяжмал баяжуулаад явчихвал 220 тэрбумыг төвлөрүүлэх боломжтой гэсэн тооцоо хийж байгаа юм билээ. “Эрдэнэс Силвер” ХХК-ийн захиралд нөөц бололцоогоо харж үз, хүдрийн нөөц агууламж зэргээ ил тод болгож байж шийдэхгүй бол үүний цаана том хариуцлага байгаа гэдгийг хэлсэн. Дахиад 1.2 их наяд төгрөгийн өрийг барагдуулах үүрэг хүлээж байгаа учраас үүнд анхаарлаа хандуулна. Тооцоо үндэслэлээ нягталж, тоо баримтаа ч ил болно.

-Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан хойшлох вий, яг мөнгөө өгч чадах уу, сонгуулийн амлалт байсан бол яана гэх мэт айдас бий?

-Би сая дэлгэрэнгүй хариулчихлаа. Ер нь бол бондын 2021 оны тавдугаар сард өгнө гэсэн хууль байгаа учраас хуулийн хүрээнд л асуудал яригдах байх.

-Ерөнхий сайд Казахстан улсад айлчлах үеэр үнэт металл боловсруулах үйлдвэрийг Монголд байгуулах асуудлаар яриа хэлцэл хийсэн. Энэ ажил ямар шатандаа явна. Засгийн газартай хувь тохирох асуудал байгаа гэж ойлгосон?

-Охин компаний хүмүүсээс мэдээлэл авлаа. Шуудхан хэлэхэд ашиггүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл, тэдний хэлж байгаагаар бол өнөөдөр Монгол Улс кг алтыг Швейцарт нэг ам.доллароор цэвэршүүлдэг юм байна. Гэтэл тэр үйлдвэр Монголд орж ирээд баригдсанаар кг алтыг хоёр ам.доллароор цэвэршүүлэх асуудал ярьсан гэсэн. Тэгэхээр ийм бизнес байж болохгүй. Казахстаны талтай дахин гэрээ хэлцэл ярих уу, үнийн хувьд эргэж ярих уу гэдэг асуудал байгаа. Мөн өөр шинэ техник технологитой улс орнуудтай энэ асуудлыг ярих уу гэдгийг удахгүй Засгийн газрын хуралдаанд оруулна.

-Зөөвч-Овоо ордын талаар мэдээлэлтэй байна уу. Туршилтын үйлдвэрлэл явуулах бэлтгэл ажил хангагдаж байгаа гэсэн шүү дээ?

-Энэ талаар нарийн сайн мэдээлэл алга. Манайх бол алтны зургаан лиценз авсан байгаа. Өмнөговь аймагт байрлах “Овоот хяр” ордод анхны өрөмдлөг хийж байна. Одоогийн байдлаар 15 мянга орчим км/куб өрөмдлөг хийсэн. Цаашдаа нарийвчилсан судалгаа үргэлжлээд явна. Бидний тооцож байгаагаар энэ оны арванхоёрдугаар сар гэхэд өрөмдлөгийн ажил дуусна. Цаашдаа геологи хайгуулын ажлаа үе шаттай хийгээд нөөцөө тогтоож, Эрдэс баялгийн зөвлөлөөр оруулаад явах байх. Энэ үеэс эхлээд хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ хайгаад явна.

-Дэлхийн эдийн засаг ирэх онд 80 гаруй хувиар агшина гэсэн мэдээллийг өгч байна. Гэтэл Монгол Улс эсрэгээрээ хэт өөдрөг төсөөлөлтэй байгаа нь өнөөдрийн хэлэлцүүлгээс ажиглагдаж байна л даа. Зэс, нүүрс, алтны үнэ өсөлттэй байх нь ээ гэж байна шүү дээ?

-Зэсийн үнэ тогтвортой байх хандлага ажиглагдаж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Мөн алтны үнэ ч байнга өсөлттэй байгаа. Цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал мэдээж амаргүй байх нь тодорхой. Хэрвээ бид гаргаж чадвал нүүрс ч эрэлттэй байгаа. Хятад, Австралийн харилцаанаас үүдээд манай нүүрсийн эрэлт өснө гэж үзэж байгаа. Хэрвээ Гашуун сухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замаа 2022 онд багтааж ашиглалтад оруулж чадвал хоёр чиглэлээр нүүрсээ гаргах боломж бүрдэнэ. Төмөр зам, автозам хослоод ирвэл өсөлт мэдээж гарна. Энэ жилийн төсөвт тусгасан байгаа эерэг төсөөллийг буруутгаж харахгүй байна.

-Охин компаниудынхаа захирлуудыг халах солих бодол бий юу?

-Шууд хална, солино гэж ярьж болохгүй. Компанийг хөрөнгө санхүү, удирдах бүрэлдэхүүний хувьд чадавхжуулах асуудал бий. Компанийг удирдаж байгаа боловсон хүчнийг чадавхжуулах шаардлагатай юм гэдгийг би бүх хүмүүст хэлж байгаа.

Яагаад  гэвэл, “Эрдэнэс Монгол”-ыг бид өөдрөгөөр төсөөлж байгаа. 2016 оноос эхлээд Темасек, Норвегийн сан шиг болгоно гэсэн зорилт тавьсан. Үүний тулд ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын байдлыг харахаар бүтэц зохион байгуулалт, удирдлагын чадавх зэргийг эргэж харах шаардлагатай болж байна. Тиймээс шаардлагыг тавина, ганц нэг хүнийг ч халж солих асуудал гарах байх аа. Олон хүн хамарсан халаа сэлгээ хийх бодол алга.

-Үндэсний баялгийн сангийн хуулийг хэзээ өргөн барих вэ. Нэлээд жигдэрсэн байгаа шүү дээ?

-Өргөн барихад бэлэн болсон. Гэхдээ Ирээдүйн өв сангийн тухай хууль гэж бий. Энэ хоёр хуулийг харьцуулсан судалгаа гаргах асуудал хүлээгдэж байна. Үүнд ямар давхцал байна вэ гэдгийг харьцуулж, давхцлыг арилгаж, өөрчлөлт оруулсны дараа өргөн барина.

-Салхитын мөнгөний ордын тухайд 2027 он хүртэл ашиглах ТЭЗҮ-тэй. Одоо 300 мянга, цаашдаа 600 мянга гэхээр хайгуулын ажил нэлээд эрчимтэй хийгдэх нь ээ?

-Салхитын мөнгөний ордод одоо олборлож байгаа хэсэг талбайгаас гадна ертөнцийн зүгээр зүүн талд нь тодорхой хайгуул хийж нөөц тогтоосон орд бий. Эргэн тойронд нь 3-4 мөнгөний хүдэр байх орд бий. Тэнд хайгуулын ажил явагдана.

-“Багануур” ХК-д “Алтайн гянт” хувь эзэмшиж байсан маргаан дууссан уу. Дээд шүүхэд ялсан ч эргээд хувь эзэмшлийн асуудал яригдаж магадгүй, яриа хэлцэл хийсэн үү гэх яриа бий. Мөн технологийн шинэчлэл хийгдэх асуудал байгаа шүү дээ?

-Энэ асуудал бүрэн эцэслэгдсэн гэж ойлгож байгаа. Тэр талаар маргаан байхгүй. Багануур, Шивээ-Овоо хоёр 100 хувь төрийн өмчийн компани гэж явж байгаа. Технологийн шинэчлэл явагдаж байна. Багануурт 11, Шивээ-Овоод 7 төрлийн шинэ техникийг Японы “Жайка”-гийн урт хугацаатай зээл буюу 18.3 сая ам.долларын зээлээр хэрэгжинэ. Техник угсрах ажил 80 орчим хувьтай хийгдэж байгаа. Сангийн яамтай тохиролцож, манайх батлан даагчаар орж гэрээ зурагдсан тохиолдолд ашиглалтад оруулахад бэлэн болсон. Үндсэндээ, Багануурын уурхайн ашиглаж байгаа нийт техникийн 60-70 хувь нь шаардлага хангахгүй болсон. Тийм ч учраас ашиглалтын зардал өсөхөөс эхлээд асуудал гардаг.

-Хөрөнгө оруулалт хүлээж байгаа хэчнээн төсөл байна вэ?

-“Эрдэнэс Стийл”-ийн металлургийн цогцолборын асуудалд Хятадын талтай хамтрах асуудал яригдаж байна. Хамгийн түрүүнд хөдлөх боломжтой нь “Бадрах энержи” буюу ураны үйлдвэрийн асуудал. Бүх зүйл нь бэлэн болсон туршилтын үйлдвэрээ кноп дарж ажиллуулахад бэлэн болсон. Гагцхүү Засгийн газраас туршилтын үйлдвэрээ ажиллуулах зөвшөөрлөө хүлээж байгаа. Метан хийн төсөл бий. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд Австралийн компанитай хамтраад хайгуулын ажлаа хийчихсэн. Энэ мэтээр явж буй төсөл олон бий.