Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны 385 жил, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жил, Нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойд зориулан гаргаж буй “Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ой” сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Нээлтийн үеэр Улаанбаатар хотын түүхийн өнгө аясыг багтаан анхны нийслэл байгуулах хүртэл нүүдэллэн шилжиж буй дүрслэл бүхий “Хүрээ нүүдэл 1639-1778”, хотын төлөвлөлт, суурийн хэв маягт шилжиж буй “Нийслэл хүрээ 1912-1923”, орчин цагийн хотын хэв маягийг харуулсан “Улаанбаатар хот 1924-2024” гэсэн 3 марк бүтээснийг танилцууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд, “Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, дэд захирал Н.Хосбаяр, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, Нийслэлийн Архивын газрын дарга Н.Туул, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Г.Дунбүрээ, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин С.Цацралт, “Монгол Шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар, Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн болон бусад зочид, төлөөлөгч оролцлоо.
Марк нь тухайн улсын тусгаар тогтнол, түүх, өв соёлын илрэл болон хадгалагддаг онцгой ач холбогдолтой. Уг Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойн сэдэвт марк бүтээгдсэнээр түүхийн алтан хуудаст болон эрхэм марк цуглуулагч нарт нэгэн шинэ бүтээл нэмэгдсэн баярт мөч тохиож буйг марк урлан бүтээгчид хэлж байна.Монгол маркт 1974, 1984 онд Улаанбаатар хотын 50, 60 жилийн ойн нэрийн марк, 1999, 2014, 2019 онд Нийслэл Улаанбаатар хотын 360, 375, 380 жилийн ойд зориулан хэлхээ, блок цуврал маркийг “Монгол Шуудан” ХК-иас хэвлэн гаргаж ирсэн уламжлалтай юм.