ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Заяабал: E-Mongolia-г татварын албанд нэвтрүүлснээр 21 тэрбум төгрөгийг хэмнэж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-11-04

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ болон Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал болон Чатбот ХХК-ийн Төслийн удирдлага, судалгаа, хөгжүүлэлтийн албаны захирал З.Оюунжаргал нар өнөөдөр /2020.10.28/ төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-ийн талаар ээлжит  мэдээлэл хийлээ.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д 181 үйлчилгээ нэгтгэгдээд байгаа бөгөөд Монголын татварын албаны 5 тодорхойлолт, 43 төрлийн татвар төлөлт гээд нийт 48 үйлчилгээг E-Mongolia-д оржээ.

Татварын ерөнхий газрын дарга З.Заяабал, “E-Mongolia”-ийн хүрээнд төрийн байгууллагууд хоорондоо уялдаатай болж, мэдээллийг цаасаар бус цахимаар авах боломж бүрдэж байна. Татвартай холбоотой үндсэн 48 үйлчилгээ цахим боллоо.

Татварын системүүдээр нэг минутад 340 орчим иргэн, нэг цагт 21,000 орчим иргэд үйлчилгээ авдаг. Эхний есөн сарын дотор зөвхөн цахимаар хүсэлт гаргаж, тодорхойлолт авсан иргэдийн тоо давхардсан байдлаар 1,589,643-т хүрлээ.

Өнгөрсөн жил 422 мянган татвар төлөгчдөд цахимаар үйлчилгээ үзүүлсэн бол энэ оны эхний есөн сарын байдлаар 616 мянган иргэнд цахим үйлчилгээ үзүүлсэн байна.

Татварын үйлчилгээ цахим болсноор татвар төлөгчдөд хэр хэмжээний хөнгөлөлт үзүүлээд буйг бид тооцсон. Үндсэндээ:

  • Татвар төлөгчөөр бүртгүүлэх гэж Татварын албан дээр ирдэг зардлуудыг хэмнэсэнтэй холбоотойгоор 116  сая төгрөгийн хэмнэлт,
  • Тайлан цаасаар тушаадаг байхад 18,5 тэрбум төгрөгийн зардал гардаг байсан. Энэ зардлыг тэг болголоо,
  • Банканд татвараа төлөхөд 2 тэрбум төгрөгийн зардал гардаг байсан,
  • Түүнчлэн авто тээврийн татвар төлөгчийн гэрчилгээг жил бүр хэвлүүлэхэд 100 орчим сая төгрөг зарцуулдаг байсан. Энэ үйлчилгээ байхгүй боллоо.
  • Татвар төлөгчийн цэнхэр дэвтрийг хэвлэхэд жилд 150 сая төгрөг зарцуулдаг байсан бол цахимд шилжсэнээр энэ дэвтэр хэрэгцээгүй боллоо.
  • Татвар төлөгч Татварын албанд биеэр ирж баталгаажуулалт хийх шаардлагагүй болсон. Улмаар 300 орчим сая төгрөгийг хэмнэж байна.

Нийтээр нь авч үзвэл 21 орчим тэрбум төгрөгийн зардлыг хэмнэж байна” гэв.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ: “E-Mongolia 10 дугаар сарын 1-нд нээлтээ хийснээс хойш сар гаруй хугацаанд 179,253 иргэн хандсан байна. Зарим иргэд E-Mongolia-д бүртгүүлсэн ч үйлчилгээ аваагүй иргэд байна. Харин 148,267 иргэн E-Mongolia-р дамжуулан үйлчилгээ авсан. Энэхүү системийн хөгжүүлэлтэд хувийн хэвшлийнхэн манлайлаж ажиллаж байгаа гэдгийг дурдах ёстой. Тухайлбал, E-Mongolia-тай холбоотой санал хүсэлт шүүжийг бид чатботоор дамжуулан авч эхэлсэн. Мөн CU компани тус системийг олон нийтэд таниулах, сурталчлах чиглэлд хамтран ажиллаж байна” гэв.

Чатбот ХХК-ийн Төслийн удирдлага, судалгаа, хөгжүүлэлтийн албаны захирал З.Оюунжаргал: E-mongolia төрийн үйлчилгээ авах шинэ нэмэлт суваг Фэйсбүүк мессенжер Чатбот ашиглалтад орлоо . Өөрт хэрэгтэй төрийн үйлчилгээтэй ойр байж, мэдээллийг цаг алдалгүй авах, өөрийн санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх боломжийг чатбот танд олгож байна. 

Вэб сайтаар зочлох, оператор руу залгахаас гадна өдөр шөнийн 24 цагийн алинд ч чатботоороо санал хүсэлт, асуудлаа илгээж шийдвэрлүүлэх юм.
Та өөрийн хүсэлт, үйлчилгээний хариуг хаана хэрхэн шийдвэрлэгдэж байгааг харах гэж  цаг алдах хэрэггүй болно.  

Цаашид Фэйсбүүк мессенжер дотроосоо өөрт хэрэгтэй байгаа төрийн үйлчилгээ, лавлагаа, баримтаа татаж авах, төлбөрөө төлөх, өөрийн санал хүсэлт, өргөдлийн төлөв харах боломжтойгоос гадна үйлчилгээний түүх, шийдвэрлэлтийн явц шалгах, төлбөр тооцооны хуулга харуулах, тухайн үйлчилгээнд үнэлгээ өгөх, үйлчилгээний талаар сэтгэгдэл бичих боломж бүрдэх юм.

Төслийн дараагийн үе шатанд хиймэл оюун бүхий Чатбот нь Монгол хэлээр иргэдтэй харилцан ярилцаж тухайн иргэний хүсэлтийг ойлгосны үндсэн дээр шаардлагатай үйлчилгээг газар дээр нь үзүүлэх, санал хүсэлтийг холбогдох төрийн байгууллагад шууд хуваарилах хүний оролцоогүй ажиллах боломжтой болох юм.