ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шадар сайд үнэнд гүйцэгдэв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-11-19

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар орон нутгийн иргэдийг хотоос гаргах шийдвэр, тогтоол гаргасан гэдгээ өнөөдөр өөрөө хүлээн зөвшөөрөв. Учир нь энэ сарын 18 гэхэд Улаанбаатар хотод гацсан хөдөө орон нутгийн иргэдийг нутаг буцаана гэсэн шийдвэр УОК-оос гаргах нь гэсэн мэдээллийг МАН-ын бүлгийн дарга Б.Тогтохсүрэн, Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт нар өөрсдийн нүүр номонд оруулсан байдаг.

Гэтэл Засгийн газрын хэвлэлийн албанаас “Ийм мэдээлэл гараагүй. Ташаа мэдээлэл оруулсан хоёр гишүүнд хариуцлага тооцно” хэмээн мэдэгдэж, Шадар сайд ч хариулт өгөхгүй бөөрөнхийлөөд өнгөрч байв. Үр дүнд нь сошиал орчинд хоёр гишүүнийг хуурамч мэдээлэл өгсөн, худалч, сенсаац хөөлөө гэх мэтээр мөн ч их баалсан даа.

Гэвч өнөөдөр болсон УИХ-ын цахим чуулганы үеэр Шадар сайд Я.Содбаатар “Тийм шийдвэр гарсан байсан нь үнэн. Би УИХ-ын гишүүдийг мэдээллээр хангах үүргийн дагуу Бүлгийн дарга Б.Тогтохсүрэнд ийм мэдээлэл өгсөн нь үнэн” хэмээн хүлээн зөвшөөрөв. Төрийн гаргасан шийдвэрийг түмэнд хүргэснийхээ төлөө худалчаараа дуудуулсан хоёр гишүүн түрүүлж мэдээлснээрээ ад болж, харин гаргасан шийдвэрээсээ хоногийн дотор ухарсан Я.Содбаатар үнэнээ хүлээснээр үйл явдал дуусах учиргүй юм.

Төрийн гаргасан шийдвэрийг буруу зөрүү мэдээлдэг, нэг цонхны байтугай нэг үйл явдлын талаар нэгдсэн ойлголт ч байхгүй харалган шийдвэрийн золиос нь ард түмэн болж байгааг цаашдаа анхаарна гэж найдъя. Гаргасан шийдвэртээ бат зогсох, бусдын өмнөөс ажил хийж буй мэт ялархах шалтгаан Шадар сайд танд байх ёсгүй билээ. Энэ бол онцгой нөхцөл цаг үе гэдгийг мэдэж байгаа ч ийм ажил хийх гэж та сайд болсноо мартаж болохгүй юм.