ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.ОДОНГЭРЭЛ: Гэр бүлийн гишүүд хоорондоо ярилцаж, амьд харилцаа үүсгэх нь стресс тайлахад чухал нөлөөтэй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-12-12

СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар “Стресс менежмент”сэдвээр тус төвийн Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн клиникийн эрхлэгч С.Одонгэрэл зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Стресс гэдэг нь гаднаас янз бүрийн таагүй цочролын улмаас хүн болон амьтны үзүүлж байгаа хариу урвалыг хэлнэ. Стрессийн хариу урвал болж биеийн бүх булчингууд чангарч хүчдэлийн байдалд орохыг стресс гэж нэрлэдэг. Хүн бүр стресст өртдөгч боловч тэр бүр стресст өртөж байгаагаа мэддэггүй.

Стресс нь хоёр янз байдаг.

  • Эерэг стресс буюу  эустресс  /баярлах, хөөрч баясах гэх мэт 
  • Сөрөг стресс буюу дистресс  /уурлах, гомдох, бухимдах, гуниглах, хилэгнэх гэм мэт/

Хүн бүр стресст өртдөг. Тухайлбал, хүүхэд насанд дөнгөж сургуульд орж байгаа хүүхдүүдийн хувьд шинэ орчин нөхцөлд дасан зохицож чадахгүй хичээлдээ сурах гэх мэт зүйлүүдээс болж стресст ордог. Мөн өндөр настай хүмүүс маань тэтгэвэрт гарсанаар ажил хөдөлмөр эрхлэхгүй байх, эдийн засгийн хувьд хүндрэлтэй болох, хамт олон найз нөхөдгүй болох зэргээс болж стресст өртөх тохиолдол бий.
Стрессийн үед олон шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд үүнийг  таван бүлэгт хувааж авч үздэг.

  • Бие махбодийн өөрчлөлтүүд
  • Төрх үйлийн өөрчлөлтүүд
  • Сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд
  • Танин мэдэхүйн өөрчлөлтүүд
  • Нийгмийн  өөрчлөлтүүд 

Бие махбодийн өөрчлөлтүүдийн үед:
Булчин чангарах

  • Артерийн даралт ихсэх /огцом ихсэхгүй 10мм мөнгөн усны баганаар/
  • Хүүхэн хараа өргөсөх гэх мэт шинж тэмдгүүд

Сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүдийн үед :

  • Уурлах
  • Хилэгнэх
  • Гомдох
  • Харамсах

Танин мэдэхүйн өөрчлөлтүүдийн үед:

  • Танин мэдэхүйн үйл ажиллагааны хориг саадтай болох
  • Шийдвэр гаргах чадваргүй болох

Төрх үйлийн өөрчлөлтүүдийн үед:

  • Амиа хорлох бодол төрөх
  • Амиа хорлох төрх үйлийг гаргах
  • Согтууруулах болон бусад мансууруулах бодист татагдах

Стресс нь тухайн  хүнийг таагүй байдалд оруулж байдаг учраас үүссэн сөрөг мэдрэмжийг заавал гадагшлуулж байх ёстой. Үүнийг гадагшлуулахгүй удвал сэтгэл зүйн шалтгаантай өвчин эмгэг үүсэх суурийг бий болгож байдаг.
Стрессийн зэрэг буюу хүчийг

  • Хөнгөн
  • Дунд зэрэг
  • Хүчтэй
  • Сүйрүүлэх хүчтэй

Стресс тайлах аргууд:

  • Түр зуурын арга
  • Урт хугацааны арга гэж хоёр ангилна.

Түр зуурын аргуудад:

  • Өөрийн дуртай зүйлээ хийж өөр зүйлд анхаарал хандуулах
  • Хөгжим сонсох
  • Ном унших
  • Бясалгал иог, тайвшруулах амьсгалын дасгал хийх
  • Тэмдэглэл хөтлөх, ажлаа төлөвлөж бичих
  • Ойр дотнын хүнтэйгээ ярилцах

Урт хугацааны аргуудад:

  • Хувьчилсан буюу ганцаарчилсан сэтгэл засал
  • Бүлгийн сэтгэл засал 
  • Гэр бүлийн сэтгэл засал гэх мэт

Хөл хорионы үед хүмүүс стресст өртөж ууртай бухимдалтай байгаа энэ үед стрессээ тайлах аргуудыг зөв эзэмшиж стрессээ тайлж байх нь чухал. Тухайлбал, цаашид хийх ажлуудаа төлөвлөж төлөвлөгөөний дагуу бага багаар ажлаа цэгцлэх.

Мөн хүүхдүүдүүдийн хувьд эцэг эхтэйгээ нээлттэйгээр ярилцах,  гэрийн даалгавраа эцэг эхийн хамт хийх, гэр бүлээрээ хамтдаа дасгал хөдөлгөөн болон бүжиг бүжиглэх гэх мэт гэр бүлийн хүрээнд халуун дотно амьд харилцааг үүсгэж стресс тайлах аргуудыг хэрэгжүүлэх нь чухал юм.