ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёр найзын зодооныг Булган аймгийн Засаг дарга асан Д.Эрдэнэбат өдөөсөн үү

O.Admin
2021-04-05

Өнгөрсөн баасан гарагт Олимпын аварга Н.Түвшинбаяр, найз Улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан.  Зодоон болсон газар урьдчилсан мэдээллээр Булган аймгийн Засаг дарга асан Д.Эрдэнэбат, “Хангай Констракшн”-ы захирал С.Гал-Эрдэнэ нар байсан талаар хэвлэл мэдээллээр олон мэдээлэл гарсан билээ. Тэгвэл энэ хоёр эрхэм зодоон болохоос өмнө Н.Түвшинбаяр, Э.Энхбат хоёрыг хоёулахныг нь үлдээжээ.

Гаднаас хүмүүс очих үед Н.Түвшинбаяр,  Э.Энхбат нар цоожтой өрөөнд зодолдож байсан аж. Өрөөг гаднаас түгжсэн үү, дотроос нь цоожилсон уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа гэлээ. Зодоон болохоос өмнө Д.Эрдэнэбат нь Э.Энхбатыг гарч тамхи татаад буцаад орж ирэх хооронд Н.Түвшинбаярт “шургаж”, “Э.Энхбат бацаан ямар том болчихсон юм бэ” гэх мэтээр ярьсан талаар хэргийн газарт байсан С.Гал-Эрдэнэ бөхчүүдэд ярьсан гэх мэдээлэл дуулдав.

Улмаар эндээс маргаан үүссэн бөгөөд маргалдаж эхлэх үед С.Гал-Эрдэнэ гэгч өөрийнхөө оффисын өрөөг цоожилсон байж магадгүй талаар яригдаж байгаа юм. Найзуудын маргааныг эмэгтэй хүнээс болсон гэх мэтээр олон ч сайтууд ташаа мэдээлэл түгээж байгаа. Гэвч тус газарт очсон гэх эмэгтэй нь хэргийн зөвхөн гэрч төдий бөгөөд албан ажлын шугамаар уулзахаар очоод гэрч болсон аж. Харин Н.Түвшинбаяр, Э.Энхбат нар нь сүүлийн жилүүдэд хоорондоо зөрчилдөж байсан гэдгийг начин Э.Энхбатын эхнэр сэтгүүлчдэд ярьсан бөгөөд гэр бүлийн найзыг нь зодсоноос үүдэн таарамжгүй харилцаа үүсчээ.

Мөн  2017 оны Улсын наадмын 5-ын даваанд Н.Түвшинбаяр нь Э.Энхбатыг амалж аваад Э.Энхбат барилдалгүй тахимаа өгсөн гэдэг. Улсын цолны даваанд нийтдээ 3 удаа таарсан бөгөөд энэ болгонд асуудал яригдаж байсан гэх. Энэ үед найраа яригдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд найрааныхаа мөнгийг өгч авалцаагүйгээс харилцаа таарамжгүй байсан гэх албан бус мэдээлэл ч сайтуудад гарчээ. Унаган багын хоёр найз сүүлийн 3 жил ийнхүү зөрчилдөж, уулзахаа больж эхэлсэн бөгөөд гэр бүлийн хүрээнд ч таарамжгүй харилцаа үүссэн байсан нь ийнхүү нэг хундага архины ард сэдэрсэн бололтой.