ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Солонгос иргэнийг бүлэглэн зодсон залуусын гайгаар монгол иргэд ажилгүй болж эхэлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-17

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, “Сүнжин гранд” зочид буудлын гадна талбайд таван монгол залуу бүлэглэн солонгос иргэнийг зодсон гэх мэдээлэл БНСУ-ын хэвлэлүүдээр цацагдаж эхэлжээ.

Тус мэдээллийг цагдаагийн байгууллага баталгаажуулсан бөгөөд “Хэргийг шалгаж байгаа. Өс хонзонгийн сэдэлтэй эсэхийг шалгаж байна” хэмээжээ. Таван залууд зодуулсан иргэний хамрын яс хугарсан тул мэс засал хийлгэсэн бөгөөд “Намайг зодсон хүмүүсийн дунд цагдаагийн хувцастай нэг иргэн байсан. Монгол охиныг солонгост зодсон хэргээс болж өс санасан байх” хэмээн ярьсан талаар тус улсын хэвлэлүүд бичиж эхэлжээ.

Тэгвэл Солонгосын хэвлэлээр гарч буй энэхүү мэдээллийг үзсэн солонгосчууд тус улсад албан ёсны болон хараар ажиллаж амьдардаг залуусыг мөн ажлаас нь халж, чөлөөлж эхэлсэн талаар нэгэн иргэн фэйсбүүк хуудсандаа бичжээ. Тэрбээр, “Энэ бичлэгээс болж ажлаасаа халагдчихлаа. Өглөө ирэхэд мэдээг үзчихсэн байснаа намайг дуудаад өнөөдөр ажлаа хийгээд, цалингаа аваад яваарай гэсэн. Би ямар шалтгаантайг асуухад “Чи намайг энэ шиг нэг өдөр зодвол яах вэ” гэж хариулт өглөө” хэмээн бичжээ.

13 настай монгол охиныг зодсон асуудалд Солонгосын талаас хангалттай анхаарал хандуулж, зодуулсан охинд өмгөөлөл, эрхзүйн туслалцаа үзүүлж буйгаа мэдэгдсэн. Мөн уучлалт ч гуйгаад байгаа билээ. Гэвч ялихгүй атлаа ямаан омог гаргасан ойворгон залуусын үйлдэл тэнд амьдарч буй 47 мянган залууст гавьяа биш гай авчирч байгааг энэ мэт жишээ харуулсаар байна. Ухамсартай байцгаая, монголчууд аа.