ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын иргэд халамж авдаг биш, хөдөлмөр эрхэлдэг байх ёстой

O.Admin
2021-12-20

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх шийдвэр гаргаж, олон нийтэд мэдээлсэн. 2022 оны нэгдүгээр  сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх энэхүү шийдвэрийн талаарх хэвлэлийн бага хурлын үеэр Хотын дарга сэтгүүлчийн асуултад хариулахдаа дараах зүйлсийг онцолсон юм.

-Стандартыг аль байгууллага шалгах вэ. Энэ байгууллагууд асуудал гаргавал ямар хариуцлага хүлээх вэ?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Нэг талаас хэм хэмжээг цуцлаад, хүчингүй болгохоор аюулгүй байдал талаасаа иргэд яг ийм асуулт тавина.  Лаос Улсын жишээг татъя. Манайхаас хөгжил дорой байсан улс яаж хөгжсөн гэдгийг бүгд мэдэж байгаа. Тус улсад тодорхой түвшний орлоготой аж ахуйн нэгжүүдэд ямар ч шаардлага тавьдаггүй.Ийм байдлаар бизнес эрхлэгчдээ дэмждэг.

Бид ч мөнгөтэй болох гэж байгаа иргэдээ дэмжих ёстой. Тэд төрөөс ажлын байр гуйгаагүй, зээл гуйгаагүй. Тийм учраас нэг ч гэсэн хүн өөрөө орлогоо олж, бие даагаад явж байхад төрийн ачаалал маш их хөнгөрнө. Олон шат дамжлага, хүнд суртал хувиараа бизнес эрхлэгчдэд дарамт болдог. Тиймээс бизнес хийх ангилалд бид олон шатлал тавиад байх шаардлага байхгүй. Мэдээж стандарт байгаа. Монгол Улсад 6602 стандарт бий. Нийслэлд 2500 гаруй стандарт мөрдөж байна. Тэдгээрийн 40-50 хувь нь хуучирсан. Тэгэхээр бид стандартын хэм хэмжээг, Улаанбаатар хотын дүрмийг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж байгаа.

Тэгэхээр нэгдүгээрт стандарт, дараа нь аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан хэнийг ч нээлттэй, чөлөөтэй хөдөлмөр эрхлэх боломжоор нь бид хангах ёстой. Улаанбаатарын иргэд орлоготой байх ёстой. Улаанбаатар хотын иргэд халамж авдаг биш, хөдөлмөр эрхэлдэг байх ёстой гэдэг үүднээс бид суурийг нь тавьж байна. Халамжийн тогтолцооноос татгалзахыг уриалж байна гэлээ.