Манай улсад 21-ээс дээш насны нэг иргэнд жилд ногдох архины хэмжээ 12 литр байгааг судалгаагаар гаргажээ. Харин энэ тоо ОХУ-д 2019 оны байдлаар 10.12 литр байдаг ажээ.
ДЭМБ-ын 2011 оны тайлангаас үзвэл ОХУ-д нэг хүнд ногдох жилийн архины хэрэглээ 15.76 литр буюу Европт дөрөвдүгээрт ордог байсан бол 2019 оны байдлаар 10.12 литр болтлоо буурсан байна.
Тус улсад Архидан согтуурахтай тэмцэх үүднээс шөнийн цагаар архи, шар айраг худалдаалахыг хориглох, татварыг нэмэх зэрэг олон арга хэмжээ авдаг. 2021 оны 01 дүгээр сарын 01-ээс согтууруулах ундааны онцгой албан татварын хэмжээг нэмсэн.
Ингэснээр этилийн спиртийн эзлэх хувь 9 хувиас дээш согтууруулах ундааны татварыг өмнөх онтой харьцуулахад 4 хувиар, онцгой албан татвар ногдуулах бүтээгдэхүүн дэх усгүй спиртийн литр тутамд 566 рубль хүртэл нэмэгджээ. Согтууруулах ундаа агуулсан бүтээгдэхүүний онцгой албан татвар ч мөн адил өөрчлөгдсөн байна.
Этилийн спиртийн 9 хувийг багтаасан согтууруулах ундааны онцгой албан татварын хэмжээ 3.9 хувиар нэмэгдэж, одоо нэг литр архи 452 рублийн үнэтэй байна. Тус улсад согтууруулах ундааны нийт хэрэглээний 51 хувийг хатуу цагаан архи, 38 хувийг шар айраг, 11 хувийг дарс зэрэг эзэлдэг.