Үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуус өчигдөр төв талбайд “Монголдоо сайхан амьдаръя” уриан дор тайван жагсаал өрнүүлсэн. Залуусын төлөөлөл өчигдөр Засгийн газарт долоон шаардлага хүргүүлсэн юм. Үүнд:
- Авлига, албан тушаалын хуулийн 22.1 дүгээр заалтыг шинэчлэх,
- Үйлдвэрлэлийг дэмжих, зээлийн бодлогыг иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах,
- Бизнес эрхлэгчдийг дэмжих, Хөгжлийн банкны асуудлыг шийдэх,
- Олон улсын төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх,
- Дарга нарын хангамжийг зогсоох,
- Үнийн өсөлтөд арга хэмжээ авах
- Татварын тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг багтаж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр “Миний бие цагдаагийн байгууллагын удирдлагуудад үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулж буй залуусын аюулгүй байдлыг хангах үүрэг, чиглэл өгсөн. Жагсаж буй залууст бид хүндэтгэлтэй хандаж байна. Учир нь ардчилсан оронд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй байх ёстой. Нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлийн талаар бухимдлаа илэрхийлэх эрх нь ч нээлттэй байх ёстой. Миний бие 18.00 цагийн орчимд залуусын шаардлагаар төрийн ордны баруун хаалган дээр гарч ирж, тэдний тавьж буй шаардлагыг хүлээж авсан. Залуус долоон шаардлага тавьсан. Залуусын шаардлагыг Ерөнхий сайдад танилцуулсан. Ерөнхий сайд захирамж гаргаж, ажлын хэсгийг өөрөө ахална гэдгээ хэлсэн. Мөн холбогдох сайд бүрийг ажлын хэсэгт оруулах үүрэг чиглэл өгсөн. Бид эхний байдлаар сайд нартай холбогдож, шаардлагын дагуу хариу өгөхөөр бэлдэн ажиллаж буйг хэлэхийг хүсч байна.
Залуучуудад хандаж хэлэхэд, үзэл бодлоо илэрхийлж, улс төрийн эрх чөлөөгөө эдлэх нь зөв. Гэхдээ төрийн ордны хаалгыг эвдэж оръё, Үндсэн хуулийн бус замаар засаг төрийн эрхийг өөрчилье гэдэг буруу шүү. Цагдаагийн байгууллагын удирдлагыг дуудаж уулзлаа. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуус мэр сэр оролцож байгаа гэсэн мэдээлэл авлаа. Энэ бол буруу байна" гэлээ.