Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээ байгуулах тухай Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон билээ.
Энэ шийдвэртэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн хооронд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг “Кью эс си”-д хүргүүлэх, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью эс си”компаниас шилжүүлж авахыг холбогдох хүмүүст Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгосон.
Тэгвэл энэ үүргийг Сангийн сайд Б.Жавхлан хүлээж, холбогдох албан тушаалтнуудын хамтаар Дархан хотыг зорьсон гэх мэдээлэл байна. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Х.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг тэнд очоод байгаа гэлээ. Тэд үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, шийдвэрийг танилцуулж, үйлдвэрийг лацдах эс бөгөөс төрөөс томилогдсон түр албан тушаалтныг томилох юм байна.
“Кью эс си” компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг гэрээ байгуулснаас хойш найман жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлээгүй байгаа тул төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид уг компани төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн байдаг.