Хөгжлийн банкны дуулиан ид өрнөж буй шуугианы хажуугаар үндэсний үйлдвэрлэгчдээ барьж идэх “популизмын уралдаан” улс төрчдийн дунд ид өрнөж байна. Үүгээр далимдуулан дотоодын цемент үйлдвэрлэгчдийг нэг мөр нухах “дотор төлөвлөгөө” хэрэгжээд эхэлчихлээ.
Арга ч байж уу. Монголчууд гэрэл цахилгаан, түлш шатахуун, гутал хувцас, хоол хүнс, цемент арматур гээд ер нь эхнэр хүүхдээсээ бусад бүх л юмаа гаднаас авч байх нь харийнханд ашигтай байлгүй яахав. Сүүлдээ бүр гадны энэ далд санаархлыг Монголд монголоор нь хэрэгжүүлэх акц ил цагаандаа гарав.
Уг нь бид Хөгжлийн банкыг улс орны хөгжилд хэрэгтэй том төслүүдээ санхүүжүүлж, үйлдвэрлэгч улс болох зорилгоор байгуулсан. Үүний үр дүнд 100 хувь гаднаас цементээ авч байсан Монгол улс дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах болж урд хөршийн уурыг хүргэсэн нь ч бодит үнэн. Гэтэл “жоомоо алах гээд байшингаа шатаав” гэгчийн үлгэрээр Хөгжлийн банкны чанаргүй зээл, далд луйвартай тэмцэх нэрээр халхавчлан нэгэнт баригдсан болон одоо баригдаж байгаа хэдэн цементийн үйлдвэрийнхээ үүдийг нь хааж, үнсийг нь хийсгэх үйл явц ид өрнөж байна.
Яагаад гэхээр Хөгжлийн банкны чанаргүй зээлийн тал хувийг нь эзэлж буй Төрийн өмчил компаниуд, бас зээлээ зориулалт бусаар зарцуулж орон сууц барьсан, үнэт эдлэлийн дэлгүүр нээсэн, банк бус санхүүгийн байгууллагад оруулж мөнгө хүүлсэн, нүүрсний дамын наймаанд ашигласан, бүр ор мөргүй идээд уучихсөн нөхдөө огт дурсахгүй хэрнээ өдөр шөнөгүй өнөө хэдэн цементийн үйлдвэрээ хэвлэл сошиалаар балбаж, хэрүүл уруулынхаа сэдвийг болгож байгаа нь харамсалтай.
Үе үеийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цемент, барилгын материалынхаа дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг болно, гэр хорооллыг орон сууцжуулна, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэсэн ерөөл магтаал шиг сайхан уриа тунхаг ёс юм шиг ордог.
Харин тэр амлалт, хамаг зорилтыг нь өөрсдөө эрсдэлээ үүрч, өч төчнөөн монгол хүнээ ажлын байртай болгож, улсад татвар шимтгэлээ төлж, улаан гараараа бүтээн байгуулалт босгож зүтгэсэн цемент үйлдвэрлэгчдээ өнөөдөр зах зээлээс зайлуулж, хужаа цемент оруулах хуйвалдааны хөрсөө сийрэгжүүлж суугаа нь нууц биш боллоо.
Сүүлийн 30 жилд энэ хэдэн цементийн үйлдвэрийг эс тооцвол Монголд хийгдсэн өөр дорвитой том бүтээн байгуулалт гэж байхгүй. Сайрхаад яриад байдаг 100 мянган айлын орон сууц хөтөлбөр, 21 аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбосон гавьяа өнөөх л хэдэн муу нэр луу данстай болж цоллогдоод буй үндэсний цементийн үйлдвэртэй болсны гавьяа гэдгийг мэддэг нь хэлчих зориггүй бэртэгчин, мэдэхгүй нь хэрүүл хараалаар булах мунхагийн харанхуй л дүүрэн байна даг.
Уг нь өнөөдөр Хөгжлийн банкны асуудлыг ярихдаа арай эрүүл өнцөгөөр харсан бол ямарт нь арилжааны банкных шиг өндөр хүүтэй долларын зээл олгов, ямарт нь болохоор маш бага хүүтэй төгрөгийн зээл өгөв, төрийн бодлогын дагуу төсөл хэрэгжүүлсэн баялаг бүтээгчдээ яагаад баалж яллаад байна вэ гэдгийг сүү тос шиг ялгаж ярих байсан юм.
Төрийн өмчит компаниудын чанаргүй зээлийг төсөвт оруулаад татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулах ухааны юм ч эрх баригчдаас илт цухалзах болов.
Гэтэл буух эзэн буцах хаягтай, зээлээ зориулалтын дагуу зарцуулж засгийн зорилтыг биелүүлсэн компаниудаа “цаазын тавцан” дээр тавьчихаад бахаа хангаж суугаа нь эмгэнэлтэй. Ингэж элийрэгчид нэг л тэнэг зүйл ярина. Хятадаас хямд цемент орж ирээд монгол хөгжихөд үндэсний цементийн үйлдвэрүүд саад болоод байна гэж гудиггүй боргохыг үзээд бүр гайхаш төрөх.
Хэрэв тийм бол тэр хүмүүс далд санаархалаа муу нуухаар сайн илчлээд “Бид хятадын цементийн үйлдвэрүүдийг дэмжиж байна. Монголчууд үйлдвэрлэл эрхэлж, Монгол улс хөгжихийн эсрэг талд байна” гээд ил тод зарлаач дээ. Ёстой нөгөө Хурмаст Болдоггүй бор өвгөний нисдэг бор морийг идээд ир гээд явуулсан чинь нисдэггүй бор морийг нь эндүүрүүд жамирчихдаг чөтгөрүүд шиг даанч эрээгүй аашилж байна даа.
Сүүлдээ бүр энэ Монголд чинь монгол хүн байна уу гэж эргэлзэх болтол дур зоргоороо бурагсад олон боллоо. Амаараа хахтал доллар чихүүлж, бөгсөөрөө цухуйтал юань гударчихаад шударга ёс гэж үгээр шулмын дүрээ нуугсад Төрийн ордон, улс төрийн нам, хэвлэл сошиалаар өмхий санаандаа шартан бөөлжиж, үндэсний хэдэн үйлдвэрийн амыг барих гэж шаралхаж попорч байна.
Монгол цемент сөнөхийн төлөө бахирагсдын гайгаар Монгол модоо барьж, үндэсний цементийн үйлдвэрүүдийн бүтээж босгосон бүхэн “үнс” болох аюул гэтсээр л байна. Төлөөсөнд нь эхлээд хямд үнэтэй орж ирж зах зээл дээр эзэн суусан хятад цемент дараад нь гэрийн байтугай төрийн хоймор эзэгнэж, та бид тав тухтай орон сууцанд биш таван ханатай гэртээ үнс нурамтайгаа хутгалдан халтайж суух вий дээ. Тэр цагт таны тархийг угааж үндэсний үйлдвэрлэгчдийг үзэн ядуулж асан өнөөх хөлсний бичээчид, улсаа хорлогч улс төрчид шүлстэй амаа үдүүлсэн мэт таг хамхиж, бузар аргаар олсон мөнгөөрөө тансаг хауст тарвалзаж, далайн эрэгт далилзаж явах нь гарцаагүй. Монгол цементийг “үнс” болгох ”дотор төлөвлөгөө”-г хальт гадарлахад ийм л байна.
Эх сурвалж: Өглөөний сонин