Нийслэлийн хэмжээнд тохиолдлын гал түймрийн 701 удаагийн дуудлага 2022 он гарснаас хойш бүртгэгджээ. Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах ангийн албан хаагчид ажилласан бөгөөд 663 иргэний амь насыг аварч, гурван тэрбум орчим төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Хавар намрын хуурайшилтай үед иргэдийн буруутай үйлдлээс шар өвс шатаасны улмаас түймэр дэгдсэн дуудлага эрчимтэй нэмэгдэж байгааг холбогдох албаныхан анхааруулсаар буй. Нийслэл орчмын хуурайшилт маш их байгаа. Түймрийн нэн аюултай улирал эхэлсэн бөгөөд урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл гуравдугаар сарын 22-ноос эхлэн ажиллаж байгаа гэв. Тус бүрэлдэхүүн өдөр бүр 10.00-20.00 цагийн хооронд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж, шар өвс шатаасан зөрчлийг илрүүлж, гарсан зөрчлийг арилгуулж ажиллаж байгаагаа дуулгалаа.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар 80.9 орчим га талбай шар өвсний улмаас шатсан бөгөөд санамсар болгоомжгүй гал алдсан гэж үзвэл галын аюулгүй байдлын тухай хуулиар зөрчилд тооцож иргэн аж ахуй нэгжийг 100.000 -1.000.000 хүртэлх төгрөгөөр торгодог гэв.
Мөн Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч ажиллахаас гадна гал түймэр иргэдийн суурьшлын бүс болон ногоон бүс рүү орсон, их хэмжээний хохирол учирсан тохиолдолд эрүү үүсгэн шалгах, нийтийн эзэмшлийн талбайг гал түймэрт өртөөвөл нөхөн төлбөр төлөх заалттайг албаныхан санууллаа.