Булган аймгийн Сэлэнгэ сумын Хялганат тосгоноос баруун зүгт 35 км-т/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан гурван хүн энэ сарын 09-ны өдөр сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас эдгээр иргэдийг “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй хэмээн эрэн хайх ажиллагааг эхлүүлэх саналыг Онцгой байдлын газарт гаргажээ.
Улмаар энэ сарын 19-ний өдрөөс тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг гурван бүлэгт хуваагдан эрж хайсаар байна.
Аврагчид “Харлагын голын-Адаг”-аас зүүн зүгт зургаан метрийн гүнд 14 удаагийн шумбалт, зүүн зүгт 3 км голын эрэг болон усаар, Ингэтийн гүүрнээс Хялганатын гүүр хүртэл 30 км-т урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өчигдөр 20:00 цагт түр зогсоожээ. Улмаар өнөөдөр 07:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн ч иргэдийг олоогүй байгаа аж.