УИХ-ын чуулганаар яг одоо Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл уг хуулийн төслийн иргэдийн амьжиргааг дэмжих хэсэгт “Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн 1 сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох” гэсэн заалт оруулжээ. Монгол Улсын Засгийн газар анхлан нийт ажилчин, албан хаагчид хэмээн томъёолж байсан ч үнийн өсөлтөд хамгийн их өртөж буй, бага цалинтай иргэдээ дэмжих нь зүйтэй гэж үзсэнээр хуулийн төсөлд ийнхүү өөрчлөлт оруулсан аж.
Тэгвэл 1.1 саяас доош цалинтай 282 мянга гаруй иргэн буюу Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн 59.1 хувь нь шимтгэлээ бүтэн төлөөд, төлсөн шимтгэлийн 50 хувийг нь сар бүрийн эцэст буцаан тухайн иргэний дансанд байршуулах юм.
Харин 1.1 саяас дээш орлоготой 342 мянган иргэн буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн 47 хувь 50 хувийн буцаалтад хамаарахгүй гэх тооцоо гарчээ. Гэхдээ энэ нь Засгийн газраас оруулж ирж байгаа санал бөгөөд УИХ-ын чуулганаар эцсийн шийдвэр гарах билээ.
Энэ заалтын талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Хууль хэрэгжсэнээр албан журмын нийгмийн даатгал төлөгч 715 мянган хүн, сайн дурын даатгуулагч 147 мянган хүн хамрагдана. Нэг сая болон түүнээс доош төгрөгийн орлогоос төлсөн НДШ-ийн 50 хувийг буцаан олгоно. Үүнд 172 тэрбум буюу 2022 оны төсөвт 150 тэрбум, 2023 оны төсөвт 21 тэрбум төгрөг тавигдсан. Энэ бол төсвөөс буцаан олголт хийгдэнэ гэсэн үг. Ингэснээр иргэн эхэлж НДШ-ийг төлнө. Тэр хэмжээнээс нь буцаан олголтыг дараа сард нь олгоно гэсэн үг” хэмээлээ. Мөн Нийгмийн даатгалын өртэй байгууллага дээрх хөнгөлөлт, урамшуулалд орохгүй байхаар журмаар зохицуулах бололтой.