Замын хөдөлгөөний нөхцөл байдал, осол зөрчлийн талаар Замын цагдаагийн газраас мэдээллээ. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд "Улсын хэмжээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 975.717 зөрчил бүртгэгдсэн. Үүнээс 881,553 буюу 89.4 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн зөрчил эзэлж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн зөрчил улсын хэмжээнд 40.7%-аар өссөн үзүүлэлттэй байгаа бол нийслэлд 175,055 буюу 59.2%, орон нутагт 706,498 буюу 44.4%-аар тус тус зөрчил нэмэгдсэн юм. Энэ төрлийн зөрчлийг илрүүлж, шийдвэрлэснээс 864.339 хүнд мөнгөн торгууль шийтгэлийг оногдуулсан бол 14.051 хүний жолоодох эрхийг хасаж, 1,838 хүнийг шүүхийн шийдвэрээр 7-30 хоног баривчлуулах шийтгэл оногдуулсан.
Зам тээврийн ослын улмаас иргэн, аж ахуй нэгж байгууллагад 8.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 8.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулсан.
Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн зөрчил 84,842 байгаа бол хамгаалах бүс хэрэглээгүй зөрчил 46,079 гарсан байна. Түүнчлэн явган хүний зам дээр зогссон 28,312 зөрчлийг илрүүлсэн байгаа.
Жолооч нар хөдөлгөөний чиглэл өөрчлөх, эгнээ байр эзлэх журам зөрчих, дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцох, тэмдэг тэмдэглэгээний заалт зөрчих, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодох гэх мэтчилэн зөрчил нийтлэг гаргаж байна. Иймд жолоочид замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн ашиглалтын журмыг сахиж, гэмт хэргээс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлахыг уриалж байна" гэлээ.