Монголд виртуал хөрөнгийн тухай хууль батлагдаж гараагүй байснаас үүдэн өнөөдрийг хүртэл Монгол Улсын санхүүгийн зах зээлд нэг ч койн албан ёсны бүртгэлтэй биш учраас иргэд энэ төрлийн бизнест автахгүй байх, оролцсон ч өндөр мөнгөн дүнгээр оролцохгүй байхыг Санхүүгийн зохицуулах хорооноос сануулсаар байсан билээ.
Гэтэл өнгөрсөн жилээс эхлэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын гаралтай нэгэн залуу “Бэлтэс Мөрөн” ХХК гэгчийг өөрийн ах дүү, ойр тойрны хүмүүстэй хамтран байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай иргэдээс 3-10 сая төгрөгийг компанийнхаа дансанд татан байршуулж эхэлсэн. Ингэхдээ байршуулсан мөнгөнийх нь 10-30 хувийг буюу 300.000-гаас 3.000.000 сая төгрөг гаргаж өгөх байдлаар үйл ажиллагаа явуулж, үүнийгээ "Ядарсан ард иргэдэд тусалж буй хэлбэр, би олон улсын хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулдаг" хэмээн мэдэгдэж байв. Жил орчим ингэж үйл ажиллагаа явуулах үеэр Мөрөн хот дахь Монголбанкны салбар, Цагдаагийн хэлтсээс шалгалт оруулсан ч “Энэ бол баталгаатай зүйл биш. Иргэдэд сэрэмжлүүлж байна. Олон улсаас мөнгө татдаг гэдэг нь баталгаатай биш” гэсэн утга бүхий албан бичиг шидчхээд л алга болсон.
Энэ бүхний дараа тус компани улам бүр үйл ажиллагаагаа тэлж, ганцхан хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан ч бус залуус, аймгийн бизнес эрхлэгч, багш, эмч, банкны эдийн засагч нарыг хүртэл эгнээндээ элсүүлсэн байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын боломж тааруу ахмадуудыг бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид ашиглан цалингийн зээл авч, нэрийг нь зээлдэн мөнгөө байршуулж, улмаар 300-500 мянган төгрөгийн хүү шагналд нь өгч байжээ.
Тэгвэл өнгөрсөн хоёрдугаар сараас тус байгууллагын үйл ажиллагаа доголдож, цагдаагаас удаа дараа шалгалт орж эхэлсний дараа тус байгууллага сумдаар явж цагаан хоолойгоор бүх хүн мөнгөө байршуулах боломжтой, 20 хувийн хүү өгнө гэх мэтээр уриалсны дараа иргэд байраа, машинаа, хашаа байшингаа, тэр ч байтугай хүүхдийнхээ хуримын зардлыг хүртэл байршуулжээ.
Ингээд нийт 300 тэрбумыг цуглуулсан тэд нэг л өглөө цагдаа бидний ажлыг шалгалаа, банк данс хаалаа гэх мэтээр шалтаглан, өдгөө аймагт энэ компани нь эзэнгүй шахам болчихоод байна. Г.Нямдэлгэр, н.Бузмаа, Г.Пүрэвсүрэн гэж гурван иргэний нэр дээр байдаг орчуулга, сүү сүүн бүтээгдэхүүний худалдаа явуулдаг тус компаний дансанд өнөөдөр нэг ч төгрөг байхгүй бөгөөд ТУЗ-д байсан хоёр хүн нь Улаанбаатар хот руу зугтсан, цаашаа хил гарах вий гэсэн асуудал үүсэж эхэлжээ. Энэ хэрэг өдгөө Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжиж ирсэн бөгөөд хэргийг эхнээс нь задалж шалгаж эхэлсэн байна.
Мөн дээрх иргэд “Бидний үйл ажиллагаа тасалдаагүй. Банк дансаа нээсэн. Олон улсаас мөнгөө татаж, Монголбанк шалгахад 10 хоног шаардагддаг. Энэ сарын 25-наас олгож эхэлнэ” гэх мэдээллийг иргэдэд өгчээ. Эцсийн дүндээ ямар нэг иргэн хохирохгүйгээр энэ асуудал шийдэгдээсэй хэмээн залбирч суух үйлдэв. Учир нь СЗХ-ноос удаа дараа иргэдэд сануулсаар байхад өөрсдөө өгсөн учраас төр хариуцлага хүлээхгүй гэдгийг мэдэгдлээ.
Өчигдөр СЗХ-ны удирдлага хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хуулийн төсөл дөнгөж хоёрдугаар сард батлагдсан. Одоо шилжилтийн үеийн зохицуулалт явагдаж байна. Дөрвөн сарын дотор виртуал хөрөнгийн үйлчилгээг бүртгэхгүй. Зургадугаар сарын 25-наас зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэнэ. Койныг бүртгэхгүй. Койныг бирж өөрөө бүртгэж авна. Хохирсон иргэд манайд хандах боломж байхгүй. Нэг ч койн бүртгэлгүй” хэмээжээ. Тэгэхээр шулуухандаа олон улсын хөрөнгийн бирж, койнд мөнгөө алдсан бол "Бэлтэс Мөрөн" болон иргэд өөрсдөө л хариуцлагаа үүрэхээс өөр аргагүй болж байна.
Аймгаараа гурван хүнд хулхидуулж, хэдэн зуун тэрбумаар алдчихсан атлаа хөвсгөлчүүд өдгөө ч бас хашраагүй багц байршуулж ороод, эхний 3 сардаа хүүгээ аваад, хүн нэмж элсүүлвэл урамшуулал авах, жилийн эцэст байршуулсан мөнгөө буцааж авдаг гэх “Ультимакойн” гэх санхүүгийн луйварт мөн итгэж, сүлжээ болон орсоор байх аж. Үнэгүй зүйл гэдэг зөвхөн хулганы хавханд байдаг. Өмнө орсон хүн нь хойно орсон хүнийхээ мөнгөнөөс авах зэргээр явдаг иймэрхүү санхүүгийн пирамид өмнө нь мөн Монгол Улсад гарсныг мартаагүй баймаар. Тодруулбал, Казахстаны иргэний байгуулсан Жи тайм сүлжээ яг ийм зарчмаар явж, хэдэн зуун иргэн хохирч, өдгөө ч шүүхийн хаалга сахисаар байгааг хөвсгөлчүүд мэдэхгүй байна уу, эсвэл мэдэхийг ч хүсэхгүй мөнгөтэй болоо юу. 18 цагийн өмнө тус компанийн цахим хуудсанд байршсан мэдэгдэл болон иргэдийн бичиж буй сэтгэгдлээс хүргэж байна.