Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, сүүлийн үед сошиал орчинд гараад буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн байранд нэр нь үл мэдэгдэх бодисоор үнэр орсон ямааны махыг ариутгаж, хүнсэнд хэрэглэж байсан гэх мэдээллийг тус газраас баталгаажуулав.
Нийслэлийн МХЕГ нь 2022 он гарснаас хойш төлөвлөгөөт болон шаардлагатай хяналт шалгалт хийгээгүй бөгөөд зөвхөн иргэдээс ирсэн гомдол, удирдлагуудын даалгавар, Засгийн газрын сайд болон холбогдох албаны хүмүүстэй хамт хяналт шалгалтаар ажиллаж буйгаа дуулгав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Архигүй Монгол хөтөлбөр”-ийн хүрээнд архи худалдан борлуулж байгаа газруудаас түүвэрчилсэн байдлаар архи авч лабораторийн хэлтэст шинжилсэн талаараа мэдээлэл өглөө.
Тодруулбал, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш хэлэхдээ “Найман дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 42 газрын худалдан борлуулж буй архинаас дээж авч шинжиллээ. Дотоодын архи үйлдвэрлэгч 12 аж ахуйн нэгжийн 28 нэрийнэ 68 архины дээжид шинжилгээ хийлээ. 563 үзүүлэлтээр шинжилсэн.
Дархан, Сэлэнгийн Зүүнхараа, Төв аймгийн гурван үйлдвэр, нийслэлийн 9 үйлдвэрийн архинаас дээж авсан гэсэн үг.
Нийт 68 дээжийн тав буюу 7.3 хувь нь Монгол Улсад мөрдөгдөж буй цагаан болон өвөрмөц архины стандартад нийцээгүй. Гурван архины градус шошго дээр тэмдэглэснээс 0.1-0.8 хувийн зөрүүтэй, хоёр дээжийн сувсны тос, альдегидын стандартад зөрчил гарсныг тухайн аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэж, Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл ногдууллаа.
Гурван аж ахуйн нэгжид Улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар өгсөн. Мөн шошгоны зөрчилтэй аж ахуйн нэгжид зөрчлөө арилгах албан тоот хүргүүлсэн” гэлээ.
Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Х.Нямбаатар “БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” компаний мах боловсруулах үйлдвэр махандаа гадны биет холиод байна гэсэн гомдлыг иргэнээс ирүүлсэн. Улмаар дүүргийн Мэргэжлийн хяналттай хамтран хяналт шалгалт хийлээ. Хэд, хэдэн зөрчил илэрлээ.
Мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангахгүй. Үйлдвэрлэлд мөрдөх технологийн заавар, орц байхгүй. БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад шошготой, гарал үүсэл тодорхойгүй цагаан өнгийн хадгалах хугацаа дууссан нунтаг бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан. Ямааны мах, бодисыг хэрэглэсэн ус, тухайн бодисноос дээж авч, лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсэн.
Ямааны махнаас гэхэд л зургаан төрлийн дээж авсан. Улсын мал эмнэлгийн лаборатори болон “Само” институтад хүргүүллээ. Хариу өнөөдөр гарна. Уг байгууллагыг прокурорын мэдээллийн санд бүртгүүлж, хяналт шалгалтыг цаашаа үргэлжлүүлнэ” гэв.
Мөн “Витафит” компаний сүүн бүтээгдэхүүнээс гадны биет илэрлээ гэх иргэний гомдлын дагуу Дэд даргын баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийсэн ч нотлох баримт хангалтгүй байсан учраас лабораторийн шинжилгээнд хамруулж чадаагүй аж. Улмаар, тус компанид хяналт шалгалт хийж гадны биет орохооргүй шүүлтүүртэй, хяналт шалгалт сайн байсан гэж үзсэн аж.