Энэ сарын 16-ны өдрийн 20.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан захын урд замд "Toyota Corolla Fielder" маркийн автомашины жолооч Г, "Toyota Premio" маркийн авто машины жолооч Б, "Toyota Prius" маркийн автомашины жолооч Ц, "Nissan Note" маркийн автомашины жолооч О нар холбогдсон дөрвөн автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.
Ослын улмаас жолооч, зорчигч гээд нийтдээ гурван хүн гэмтсэн бөгөөд Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгийг хийж, шалгалтын үйл ажиллагааг тус албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байгаа аж.
Гэмтсэн гурван хүний хоёр нь 3 болон 5 насны хүүхдүүд байсан бөгөөд осолд холбогдогч жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба согтолтын зэргийг шалгахад 1.94 хувийн согтолттой байсан байна.
Хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр замын хөдөлгөөндөө оролцоно уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.