Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар ид өрнөж байна. Өчигдөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтан албан хаагч, үндэсний шигшээ багийн 60 орчим дасгалжуулагч, тамирчин нэгдэж, Налайх дүүрэгт 80 ширхэг шинэс мод тарьж мөн өнгөрсөн жил тарьсан моддынхоо цэвэрлэгээ, усалгааг хийлээ.
Энэ үеэр Засгийн Газрын Тохируулагч Агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц “Эх дэлхий, байгаль орчиндоо эзний ёсоор хандаж, цөлжилт, шороон шуурганы эсрэг хамтдаа тэмцье. Мод тариад орхих бус, ургуулах нь чухал” гэдгийг онцолсон юм.
Дээрх тарьсан моддыг Нийслэлийн Байгаль орчны газар, Налайх дүүргийн Тохижилт үйлчилгээний газар хариуцах юм байна. Мөн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд тарьсан модоо арчлах боломжтой. Ийнхүү эх дэлхийн уушги гэгддэг ой модоо хамгаалах их үйлсэд спортын салбарынхан тэргүүлэн оролцож олон нийтийг мод тарих аянд идэвхтэй оролцохыг уриаллаа.