УИХ-ын чуулганаар Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа билээ. Уг төсөлд бөхчүүдийн допин, морьдын өндөр сэрвээ, унаач хүүхдийн асуудлыг мөн тусгасан аж.
Энэ талаар УИХ-ын гишүүдийн хэн юу хэлснийг тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэнэ. Хуульд өөрчлөлт оруулах нь зөв. Үнэт зүйлс рүүгээ бид халдаж эхэллээ. Монгол бөх, морь, сур буюу эрийн гурван наадмаа хэзээ ч баймгүйгээр бид оролдож байна. Хэдэн зууны туршид байсан ёс билэгдлээ үгүйсгэж эхэллээ. Морь уралдуулдаг, бөх барилддаг хүн түүгээрээ амьдрах юм шиг сэтгэж цол авахын тулд наймаа хийж эхэллээ. Амь насандаа аюултай допинг хүртэл хэрэглэж байна шүү дээ. Цолыг батлагдсан лабораториос шинжилгээ ирсний дараа өгөхөөр болж байгаа нь зөв. Мөн цол даваа наймаалцахын тулд аймаг, улсын цолтой бөхчүүд орон нутгийн наадамд очиж бужигнуулдаг байдлыг ч зогсоох ёстой. Долдугаар сарын 11, 12-нд улс, аймаг, сумын наадмыг нэгэн зэрэг хийх саналыг дэмжээд өгөөсэй гэж хүсэж байна. Монгол Улсын иргэн хүн наадамдаа оролцдог, жинхэнэ монгол морио уралдуулдаг байх ёстой гэж бодож, энэ саналаа ч хэлнэ
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Монголын өв соёлын нэг хэсэг болсон хурдан морины уралдаан бол ардын наадам байдаг. Гэтэл сүүлийн 10 гаруй жил улс төр, эрлийз мориор бизнес хийдэг хүмүүсийн оролцоотойгоор зугаа цэнгэл, алдар цол, бай шагналын төлөөх наадам болсон нь нийт монголчуудын сэтгэл эмзэглэх зүйл боллоо. Энэ хуулийн үзэл баримтлал монгол төрийн наадмын маргааныг нэг талд гаргах ёстой ч тийм боломж хомс боллоо. Төрийн үүрэг оролцоог зөвхөн мэргэжлийн холбоод гэсэн зүйл рүү түлхэж, төр алдаагаа засахыг хүсэхгүй байна. Эрлийз адуу гүү гишгэчихээд гишгэсэн гүүгээ хурааж чаддаггүй. Харин тэр гүүг хураалгахын тулд монгол азарганы сэлдийг тайрч хаяад тамлаж байна. Ийм яргалал буюу гэмт хэрэг үйлдэгдэж байхад Х.Нямбаатар сайд ба ХХАА-н сайд З.Мэндсайхан нар хараад сууж байна. Х.Нямбаатар, З.Мэндсайхан хоёрыг тайган болгочхоод феодалын нийгмийн үе шиг жирэмсэн эмэгтэйчүүд сахиад сууж бай гэвэл яах вэ. Ийм зүйлийг хэрхэвч зүгээр өнгөрүүлж болохгүй
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн:
Хуулийг илүү боловсронгуй болгох гэж, наадмаа наадмын хэмжээнд хийх гэж хэлэлцэж байгаа гэж ойлгосон. Байнгын хорооны хурлаар тодорхой асуулт асуусан ч хариулт өгөөгүй ээ. Шилжилтийн үеийн зохицуулалт буюу 21.1 гэсэн заалтаар ямар алдааг засах гэж байгаа юм бэ. Хууль батлагдаад хэрэгжээд эхлэхээр 62 бөхөд цол олгоно гэсэн. Үүнийг би асуух гэсэн юм. Допингийн асуудалд холбогдсон 38 бөхөөс 3 нь барилдахгүй, цол нь асуудалтай байгаа юм билээ. Допингийн асуудалтай бөхчүүд дунд чинь Хэнтийн Э.Оюунболд, Увсын Ганзориг, Баянхонгорын Б.Бат-Оршихын нэр байгаа юу. Баяр наадмын тухай хуулийг 2003 онд баталсан ч дандаа хуулиа зөрчиж нааджээ. Будилаан гарсаар байдаг. Монгол наадам шударга бус болсон гэж халаглах нь ихэссэн. Аймгийн наадамд хүртэл 512 бөх барилдуулсан гээд чимэг цол давхацсан асуудал бий.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав:
-Одоо мөрдөгдөж байгаа Үндэсний баяр наадмын тухай хуулийн дагуу улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Б.Бат-Орших нарт унасан бөхчүүдийн цол, чимгийг өнгөрсөн жил нөхөж олгосон. Тиймээс энэ хоёр бөхөд цол, чимгийг нь нөхөж олгох боломжгүй. Тийм асуудал байхгүй.
УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд Х.Нямбаатар:
-2003 оноос хойш 19 жилийн хугацаанд үндэсний спортын бүхий л төрөл харилцааг хоёрхон өдөр болдог Үндэсний их баяр наадмын хуулиар зохицуулж, цаашдаа ч зохицуулах гээд байгаа. Цаашид Үндэсний спортын тухай хуулийн төслийг тусад нь боловсруулахаар яаманд ажлын хэсэг гарсан. Их хурд, тойргийн барилдаан гэх мэтээр жилийн дөрвөн улиралд зохион байгууллагддаг спортын төрлүүдийн асуудлаа хуульчлахаар мэргэжлийн холбоодоос санал авч байна. Мөн тун удахгүй Морин бооцоот уралдааны хуулийг Казиногийн хуультай хамт Засгийн газраас оруулж ирнэ. 141 см-ээс дээш маш олон хурдан адуутай хүн байгаа. Улсын баяр наадмаар уяж чаддаггүй. Энэ хүмүүс морин бооцоот уралдаанд ордог байя гэж ярьж байгаа. Алслагдсан дүүргийн асуудал яригдаж байгаа. Алслагдсан дүүргүүдэд энэ чиглэлийн наадмууд зохион байгуулагдаж ирсэн. Чансааны хувьд сумын наадамтай дүйхээргүй 256-128-ын хооронд бөхийн барилдаан болдог бөгөөд сумын цол өгөх нь агуулгын хувьд нийцэхгүй учраас дүүргийн начин, заан гэсэн цол өгөх асуудал байхыг үгүйсгэхгүй.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
-Эрлийз адууг дэмжсэн хууль батлах юм бол 9 жилийн дараа монгол адуу гэж байхгүй болно гэдгийг эрдэмтэн судлаачид тооцоолон гаргасан байна. Засгийн газар жил бүр үржлийн адуу импортлох квот өгдөг. Энэ жил адуу импортлох 5000 хүсэлт ирснээс 1000-д нь зөвшөөрөл олгосон байгаа юм. Жилд 20 орчим сая ам.долларыг эрлийз адуу импортлоход зарцуулж байгаа нь монгол адууг байхгүй болгох довтолгоо. Уламжлалаа үгүйсгэгчид олноор гарч ирлээ.