ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гавьяат эмч З.Лхагвасүрэнгээр ахлуулсан баг орон нутагт ажиллаж байна

O.Admin
2022-05-23

УГТЭ-ийн Ангиографийн оношилгоо эмчигээний төвийн зөвлөх, МУ-ын Хүний гавьяат эмч З.Лхагвасүрэнгээр ахлуулсан Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн хамтарсан судсан дотуурх мэс заслын Үндэсний баг энэ сарын 19-21-ны өдрүүдэд анхны зорилтот үйл ажиллагаагаа Өвөрхангай аймагт амжилттай биелүүлээд ирлээ.

Үндэсний баг бүрэлдэхүүн хоёр хоногийн томиололтын хугацаанд зүрхний титэм судсан дотуурх оношилгоог 14 хүнд, зүрхний баруун ховдлын цочмог шигдээсийн яаралтай нэг тохиолдол болон төлөвлөгөөт журмын нийт таван хүнд титэм судсан дотуурх эмчилгээг, тархины судсан дотуурхи оношлогоог 11 хүнд хийснээс тархины судасны цүлхэн, тархины судасны төрөлхийн гажиг болон зүүн нугалмын артери болон эгмэн доорхи артерийн нэгдүгээр сегмэнтийн бөглөрөлтэй тус бүр нэг нэг тохиолдлуудыг оношлон илрүүлж, цаашдын эмчилгээг шатлал ахиулан хийхээр шийдвэрлэв.

Мөн доод мөчний хөлийн судасны флебография гурван эмчлүүлэгчид, элэгний хавдрын тэжээгч судсыг бөглөх эмчилгээг нэг эмчлүүлэгчид, тархины судасны оношилгоо шаардлагатай 10 үйлчлүүлэгчид тархины судасны доплерграфийн шинжилгээг тус тус хийсэн байна.

Тархины харвалт, зүрхний шигдээс болон элэгний хавдартай нийт 30 гаруй эмчлүүлэгчид хамтарсан үзлэг хийж, эмчилгээний тактикийн талаар зөвлөгөө өгсний зэрэгцээ тус БОЭТ-д шинээр зохион байгуулахаар төлөвлөж буй харвалт, шигдээсийн нэгжийн зохион байгуулалт, тусламж үйлчилгээний менежмэнт, тархины харвалтын үеийн бүлэн хайлуулах эмчилгээний менежмэнтийн талаар сургалт мэдээлэл зохион байгуулж, нийт 92 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байран дээр чадавхижуулах үйл ажиллагааг хэрэгжүүллээ.

Судсан дотуурх мэс заслын Үндэсний баг бүрэлдэхүүн дараагийн удаад Хэнтий, Өмнөговь аймгуудад мөн төсвийн хөрөнгөөр суурилагдсан Ангиографийн оношилгоо эмчилгээний аппаратын тогтвортой ажиллагааг хангах чиглэлээр орон нутгийн багтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.