Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсон зургаа болон аравдугаар ангийн хоёр хүүхэд ухаан алдаж, улмаар эмнэлэгт хүргэгдсэн ч аравдугаар ангийн хүүхэд ухаан орохгүй байсаар амиа алдсан гэх мэдээллийг бид хүргэсэн билээ. Гэсэн ч ийм төрлийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй гэсэн учраас бид мэдээллийг залруурахаар устгаад байв.
Тэгвэл энэ асуудлаар БШУЯ-наас албан ёсоор мэдээлэл хийлээ. Өөрөөр хэлбэл, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир болон Нийслэлийн боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Буянтогтох нар мэдээлэл өгсөн юм.
Нийслэлийн боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Буянтогтох хэлэхдээ “Ийм мэдээлэл гарсантай холбогдуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх сургууль руу холбогдлоо. Мэдээлэл гарахдаа нэр бүхий сургууль гэсэн учраас бид тодруулсан. Гэвч биеийн тамирын хичээлд масктай орсон асуудал гараагүй. Нэг хүүхэд сургууль дээрээ байгаад бэртэж гэмтсэн юм билээ. Эцэг эх нь ирж камер шүүгээд явсан, масктай байсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Тавдугаар сарын 13-ны өдөр нэг хүүхэд гэртээ нас барсан юм билээ. Зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан” гэлээ.
БШУЯ болон Эрүүл мэндийн яам, НЭМҮТ-өөс зөвлөмж гаргасан бөгөөд гуравдугаар сараас эхлэн биеийн тамирын хичээлд маскгүй оруулах зөвлөмжийг хүргүүлжээ. Мөн зарим эцэг эхчүүдийн хүсэлтээр сургуулийн орчинд маск зүүхийг хориглоогүй гэдгийг тодотгов. Зүрхний шигдээсийн улмаас гэртээ нас барсан хүүхдийн сурч байсан сургуулиас мэдээлэл ирсэн бөгөөд амиа алддаг өдөр болон урд өдөр нь ч биеийн тамирын хичээл ороогүй гэдгийг уламжилжээ.