ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдийн тэтгэмжийг эцэг, эхийн данснаас нь шууд суутгана

O.Admin
2022-05-31

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийг төлөөлөн УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, М.Оюунчимэг нарын гишүүд өнөөдөр Гэр бүлийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Тодруулбал, уг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гэр бүл салсан тохиолдолд тэтгэмжийг тогтоохдоо Хүн амын орлогын албан татварын тухай хуульд заасан орлогынх нь 50-аас доошгүй хувьтай уялдуулах, мөн хүүхэд хүндээр өвдсөн хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд шинжээчийн баг томилон гарах зардлыг тэтгэмж төлөгчтэй хамтран төлүүлэх, тогтоосон тэтгэмжийг шууд данснаас нь суутгаж авах зохицуулалтыг тусгаж өгчээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам ярихдаа “Монгол Улс Гэр бүлийн тухай хуулиа 1973 онд баталж, 1999 онд шинэчлэн найруулсан. Үүнээс хойш дорвитой өөрчлөлт ороогүй юм билээ. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр хүүхэд хамгааллын асуудлыг илүү тодорхой болгож байна. Жилд 3391 гэр бүл салдаг гэсэн дүн мэдээ байна. Тиймээс хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гэр бүл салсны дараах тэтгэмжийн хэмжээг илүү нарийн тусгаж өглөө.11 хүртэлх насны хүүхэд амьжиргааны баталгаажих түвшний 51 хувиар буюу 115.000 төгрөг авдаг. Энэ бол маш хангалтгүй. Тиймээс тэтгэмжийг тогтоохдоо орлоготой нь уялдуулах хуулийн төсөл оруулж ирсэн” гэлээ.

ШШГЕГ-аас хүүхдийн тэтгэмжийн мөнгөний төлөлт тун хангалтгүй байгаа талаар жил бүр мэдээлдэг билээ. Өнөөдрийн байдлаар 34 тэрбум төгрөгийн тэтгэмж төлөгдөөгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийт тэтгэмж төлөх ёстой хүмүүсийн зөвхөн 20 хувь төлж байна. Үлдсэн 80 хувь нь шүүхээр тогтоосон хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй байгаа гэв.