Хөвсгөл аймгийн Мөрөн хотод өчигдөр 14 настай хүүхэд өндрөөс унаж амиа алджээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг байсан "Хөвсгөл гурил тэжээл" ХХК-ийн хаягдсан балгаст 14 настай хүү зоорины давхар руу унаж амиа алджээ.
Хүү энэ сарын 02-ны өдөр гэрээс гараад сураггүй алга болсон бөгөөд аймгийн Онцгой байдлын албаны эрэн хайх албаныхан эрж хайснаар энэ сарын 05-ны өдөр буюу өчигдөр хүүгийн цогцсыг тус үйлдвэрийн зоорийн давхараас олжээ. Өмнө нь мөн энэ балгаст 16 настай эмэгтэй хүүхэд унаж амиа алдаж байсан бөгөөд хаягдсан гурилын үйлдвэрийн балгасаа нураалгүй орхисон этгээдээс болж хоёр хүүхэд ийнхүү амиа алдаад байна.
Тус гурилын үйлдвэрийг Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Бямбаа гэж хүний мэдэлд байдаг гэх мэдээлэл аймгийн иргэдээс ирж байгаа бол зарим нь аймгийн удирдлагын түвшинд ажиллаж буй Л.Ганбат гэх хүн хамааралтай хэмээн бичжээ. Бид мэдээллийг илүү тодорхой болгох үүднээс энэ компанийн талаар хайлт хийж үзэхэд тус компани нь хувьцаагаа булаалдсан эздийн зөрчлөөс үүдэн шүүхийн маргаантай байгаа бөгөөд илт давуу байдал өөртөө үүсгэж, компанийн хувьцааг дээрэмдсэн гэх асуудлаар Л.Ганбат, Д.Бямбаа нар өнөөдрийг хүртэл шүүхдэлцсээр байгаа аж.
Энэ талаар тус үйлдвэрийн ТУЗ-ийн дарга Д.Бямбаа erennews.mn сайтад өгсөн ярилцлагадаа "2015 оны наймдугаар сарын 26-нд компанийн үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр тамга тэмдгийг ТУЗ-ийн дарга надад шилжүүлсэнийхээ дараа “тамга тэмдгийг хаяж, гээгдүүлсэн” гэж худал зар мэдээ хэвлэлд нийтлүүлээд тамга тэмдгийг хуурамчаар үйлдэн, хуурамч тамга тэмдгээ ашиглан иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй хэлцэл байгуулан дундын эд хөрөнгийг өмчилж эзэмшсэнээс олсон ашиг орлогыг дунд санд байршуулах, хамтран өмчлөх, захиран зарцуулах компанийн дүрмийг зөрчиж олсон ашгаа өөртөө завшсан.
2015 оноос хойш "Хөвсгөл гурил тэжээл" ХХК-ийн обьектод байршуулсан үүрэн телефоны антен байрлуулсаны түрээс болох олон сая төгрөгийг байгууллагын дансанд байршуулалгүй хувьдаа завшсанаас илэрхий байгаа юм" хэмээн ярьжээ. Өөрөөр хэлбэл, өмчлөгчдийн маргаанаас үүдэн эзэнгүй орхигдсон балгас ийнхүү хоёр хүүхдийн амийг авч одлоо.