Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан хяналт шалгалт хийх тухай удирдамжуудын хүрээнд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Дархан жонон” ХХК-д шалгалт хийлээ. Тодруулбал, хуулиудын хэрэгжилтийг хангуулах зорилгоор энэ сарын 06-аас 07-ны өдрүүдэд Цагдаагийн байгууллагатай хамтарсан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтаар зохих зөвшөөрөлгүй цооног өрөмдөж худаг гаргасан, үйлдвэрийн зориулалтаар ус ашигласан, чулуу бутлагч тээрэм болон угаах төхөөрөмж нь гэрчилгээ, зөвшөөрөл байхгүй, тоног төхөөрөмжийг ажиллуулах үед мөрдөх, ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, паспорт байхгүй, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хэрэгслээр тоноглогдоогүй, газардуулга, газардуулгын даацын баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй байсан зөрчлүүдийг илрүүлж, торгуулийн арга хэмжээ авч, зөвшөөрөлгүй ашиглаж байсан хоёр худаг, мөн бутлуурын тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг зогсоолоо.
Хяналт шалгалтын явцад байгаль орчин, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр илэрсэн дутагдалд 15 заалт бүхий улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэн, эвдрэлд орсон 1.5 га газрыг газар дээр нь нөхөн сэргээлт хийлгэж гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.