Нийслэлийн өвөлжилтөд онцгой нөлөөтэй бүс бол гэр хороолол. Гэр хороололд галлагаатай 163.742 зуух бий гэх тоо гарсан байна. Тэдгээрт өвлийн турш 381.544 тонн сайжруулсан түлш, 79.988 тонн мод болон аргал хөрзөн гэх мэт түлш түлжээ. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 2020-2022 онд 200 мянга гаруй өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулаад байна. Өнгөрсөн галлагааны улиралд борлуулалтын 686 цэгээр 1.320.869 тонн сайжруулсан түлш борлуулжээ. Харин нөөцөд 34 мянган тонн сайжруулсан түлш байгаа юм. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө энэ асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Сайжруулсан шахмал түлшний 200 мянган тонн нөөц бүрдүүлэх үүргийг Засгийн газраас өгсөн. Гэтэл нөөц бүрдүүлэлт тун бүрхэг байна. “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн үйлдвэр өнөө хэр горимын дагуу ажиллаагүй. Үйлдвэрүүд горимоороо ажиллаж, хэвийн хэмжээнд ажиллаж байж нөөцийг хангалттай бэлдэх юм. Тиймээс үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, нөөц бүрдүүлэлтэд анхаарах нь чухал байна" гэсэн юм.
Харин “Таван толгой түлш” ХХК-ийн борлуулалт, маркетингийн захирал Г.Ундармаа "Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд манай компани 200 мянган тонн түлш үйлдвэрлэх, зүүн бүсийн үйлдвэрийг хэвийн ажиллуулах, баруун үйлдвэрийг нүүлгэх зэрэг ажлыг төлөвлөөд байна.
Зүүн үйлдвэрийг долдугаар сардаа багтаан ажиллуулж эхэлнэ. Есдүгээр сарын 15-н гэхэд төлөвлөсөн түлшээ үйлдвэрлэх боломжтой. Харин тэр хэмжээний түлшийг нөөцлөх агуулах дутмаг байна. Одоогийн байдлаар мянган тонн түлш нөөцлөх боломж л байгаа. Агуулахын асуудал хүндрэлтэй байна" гэлээ
Энэ асуудалд Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд хариулт өгөхдөө "Өмнөх жил сайжруулсан түлш нөөцлөхийн тулд агуулах түрээслэн ажиллаж байсан. Энэ жилийн хувьд тендер зарлаж, 11 байгууллага саналаа ирүүлсэн боловч хүчин чадал бага, 24 тонн түлш нөөцлөх боломжтой газрууд байгаа. Тиймээс ямартай ч агуулах түрээслэгчидтэйгээ гэрээ байгуулан түлшээ үйлдвэрлээд, нөөцлөөд явна. Одоогоор 34 мянган тонн түлш нөөцөлсөн. Энэ жилээс Налайх дүүргийн 7191 айл өрх сайжруулсан шахмал түлш түлж эхэлнэ. Түлш бэлтгэл өмнөх жилээс нэмэгдэнэ гэсэн үг" хэмээн өгүүллээ.