Улаанбаатар хотод дулааны алдагдал ихтэй 1077 угсармал орон сууцны барилга байна. Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд гэр хорооллын 22 сургууль, цэцэрлэгийн барилгад дулаан техникийн засвар шинэчлэлийг хийсэн. Мөн 59 орон сууцыг дулаалжээ. Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн хугацаанд Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, 120 мянгатын автобусны буудлын явган гүүрэн гарцын лифтэнд нэмэлт халаагуур суурилуулсан нь иргэдийн талархал хүлээсэн ажил болсон аж.
Үүнээс гадна нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн халтиргаа гулгааг арилгах, цэвэрлэх ажлын хүрээнд нийт 4098.2 тонн давс, 3863.8 тонн бодис нөөцөлснөөс 2323.7 тонн давс, 2133.7 тонн бодис зарцуулсан байна.
Энэ талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг ярихдаа "Хот тохижилтын газарт цас, хур тунадас их орсон жилд 3000 тонн давс, бодис шаардлагатай байдаг. Өнгөрсөн онд харьцангуй бага хэмжээтэй хэрэглэсэн. Давс, бодис цацах 14 техник бий. Гэвч эдгээр машин маань насжилт өндөртэй, эвдрэл ихтэй. Тиймээс ирэх өвлөөс өмнө парк шинэчлэл хийх шаардлагатай" гэв.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд "Өнгөрсөн оны худалдан авах ажиллагааны хүрээнд авч амжаагүй бага хэмжээний давс, бодис бий. Гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалаад аж ахуйн нэгжүүд оруулж ирж амжаагүй. Энэ жилийн нийлүүлэлтийн тендерийг хараахан зарлаагүй байна.
Борооны улиралд нийлүүлэлт хийх боломжгүй учир харзнаж байгаа. Техник, тоног төхөөрөмж, машины хүрэлцээ тааруу байгаа нь үнэн. ОХУ-д үйлдвэрлэсэн хуучин техник учир шинэчлэх шаардлагатай. Аж ахуйн нэгжүүд Хятад болон бусад орноос хэрэглэж байсан техник оруулж ирдэг. Судалгаа тооцоо гаргаад төсвийн тодотголд суулгасан" гэлээ.