ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Сумъяабазар: Утаа, угаарыг дор хаяж 2020 оны түвшинд барих ёстой

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-06-11

Өнгөрсөн өвлийн турш Улаанбаатар хотын хэмжээнд 7991.2 мянган Гкал дулаан, 5801.7 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж,  нийслэлчүүдийг ая тухтай, өнтэй сайхан өвөлжүүлжээ. Эрчим хүчний салбарт тэмдэглүүштэй нэгэн бүтээн байгуулалт ашиглалтад орсон нь Сэлбэ дэд төвийн 28 МВт-ийн дулааны станц гэдгийг онцолж байлаа.

Ерөнхий төлөвлөгөөгөөр 7055 өрх, 25.400 хүн ам инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч, тэдгээрийг дулаанаар хангах үүрэг бүхий уг станц нь 2022 оны хоёрдугаар сард ашиглалтад ороод байгаа юм.

Анхаарал татсан газруудын нэг нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дахь Туул тосгон. Тэртээ 1964 онд байгуулсан тус тосгоны хувьд ус, дулааны хангамж, бохир усны шугам сүлжээг шинэчлэх шаардлагатай байгааг мөн үеэр тодотгосон. Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 350-400 сая төгрөг төсөвлөх шаардлагатай байгаа юм.

Халаалтын болон уурын зуухыг халах зорилтын хүрээнд 2237 зуухыг цахилгаан, дулаанд холбох ажлыг зохион байгуулсан байна. Тэдгээр зуухыг цахилгаан халаалт болон шахмал түлшинд шилжүүлжээ. 381 халаалтын зуухыг бүрэн зогсоож, 82 зуухыг баяжуулсан нүүрс, 188 зуухыг сайжруулсан түлш хэрэглэдэг болгосон бол 84 зуухыг төвлөрсөн дулаанд, цахилгаанд 47 зуухыг шилжүүлсэн байна.

Цахилгаан, эрчим хүчний салбарын оргил ачаалал нь 2021 оны арванхоёрдугаар сарын 28-н байсан бөгөөд эл өдөр 921 МВт/ц цахилгаан үйлдвэрлэн түгээжээ. Энэ нь өмнөх оны оргил ачааллын өдрөөс 9.8 хувиар өссөн дүн төдийгүй эрчим хүчний хөнгөлөлттэй холбоотой гэнэ.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлэхдээ "Нийслэл хотыг өнтэй өвөлжүүлэх бэлтгэл ажлыг зуны сард ярьж эхэлж байгаа нь бэлтгэлээ сайтар базаах боломжийг олгож байна гэж харж байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд инженерийн байгууламжийн байгууллагууд амь нэгтэй ажиллахгүй бол болохгүй.

Хариуцсан ажлуудаа нэгтгэн зангидаж, сэтгэл зүтгэл гарган, онцгой анхаарч ажиллах ёстой. Утаа униар, халтиргаа гулгаа гэхчлэн маш хүнд асуудлууд өвлийн улиралд дэгддэг. Тиймээс дулааны улирлыг ашиглан түлшээ бэлтгэх хэрэгтэй байна. Нам даралтын зуухнуудыг зогсоохоор зорьж байгаа. Тиймээс түлшний нөөц улам л хэрэгтэй болно. Зуны сар зургаа биш. Гэвч өмнө нь алдсан алдаагаа залруулж, сэтгэлтэй хандахад болохгүй зүйлгүй. Утаа, угаарыг дор хаяж 2020 оны түвшинд барих ёстой" гэсэн юм.