Өмнөговь аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ийн сурагч охин найз залуу гэх этгээдэд буудуулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Сэжигтэн ч өөрийнхөө амийг ч мөн хороосон байдаг.
Тухайн үед охин хэн нэгний дарамтад байгаагаа, найз залуу гэх этгээдэд дургүй гэдгээ удаа дараа найз нөхдөдөө хэлж байсан ч багш нар нь охиныг буруугаар нийгэмд ойлгуулж, өөрөө маягтай аальгүй учраас дагаад явлаа, өөрөөсөө ах залуутай үерхлээ гэх мэтээр дарамталж байсан нь ил болсон. Хэрэг гардаг өдрийн өмнөхөн ч мэдсэн бол хоёр буутай очдог байж гэх мэтээр мессеж бичсэн байсныг багш нар нь “бэлгэвч” хэмээн орчуулж ойлгосон байсан билээ.
Нэг нутаг усны залуугийн гарт харамсалтайгаар амиа алдсан охины хэрэг гарснаас хойш хэдийнэ хагас жил гаруйн хугацаа өнгөрсөн ч хэрэгт холбоотой этгээдүүд өнөөдрийг хүртэл ямар нэг хариуцлага хүлээхгүй сул чөлөөтэй байгаад бухимдсан талийгаачийн аав өнөөдөр Хуульзүйн сайд Х.Нямбаатар, УЕПГ-ын дарга Б.Жаргалсайхан нарт өөрийн биеэр өргөдөл өгч буйгаа мэдэгдэж, УЕПГ-ын гадна мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Өнгөрсөн оны аравдугаар сард би охиноо харгис этгээдийг гарт алдсан. Мөрдөн байцаах ажиллагаа өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас эхэлж явагдсан. Долоон сар явсны эцэст дорвитой шийдвэр гарсангүй. Аймгийнхаа Дээд шатны прокурорт өргөдөл гаргасан. Мөн Х.Нямбаатар сайд, Б.Жаргалсайхан прокурорт өргөдөл өгөөд гарч ирлээ. Өвөрхангай аймгийн Цагдаагийн албан хаагч болон прокурорууд хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэхгүй, жирийн малчин биднийг үл тоож байгаа. Би малчин хүн ч гэлээ тэнэг биш. Гэмт этгээд амиа хорлож, хэрэг хүлээхгүй болсныг ойлгож байгаа.
Гэхдээ гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн этгээдүүдийг шалгахгүй байна. Тухайлбал, галт зэвсэг худалдаалах зөвшөөрөлгүй атлаа сум зарсан этгээдийг шалгаагүй. Албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас бусдын амь нас хохироход хүргэсэн сургуулийн захирал, бусад албан тушаалтныг шалгаагүй. Хууль бус галт зэвсэг эзэмшиж байсан этгээд ч амиа алдсан гэмт хэрэгтний ард нуугдаад үлдлээ” гэсэн юм. Тиймээс эцсийн хариу гарах хүртэл тэмцэхээ мэдэгдсэн бөгөөд УЕП-т өргөдөл гомдол гарга гэж хэлсэн аймгийнхаа прокурорын үгээр энд ирлээ гэсэн юм. Мөн хэрэг гарснаас хойш тухайн этгээдийн ар гэрээс нэг ч хүн холбогдоогүй гэлээ.